Өлгий сумын ИТХ маргаан, шүүмжлэлээр эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан уржигдар эхлэнгүүтээ шүүмжлэлд өртлөө.
ИТХТ-ийн тайлан, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, хөгжлийн чиглэл, шинэ оны төсөв, газар зохион байгуулалт зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр товлосон хуралдаан дээр хурлын дарга С.Онгар тайлан илтгэлдээ энэ оны турш бүтээн байгуулалтын их ажил хийж, дэвшүүлсэн зорилтоо зуу орчим хувиар биелүүллээ, одоо есөн төрлийн зорилт дэвшүүлж байна гэж мэдээллээ.
Гэвч тус хуралдаанд 31 төлөөлөгч оролцох ёстойгоос 19 нь л ирсэн нь хачирхал төрүүллээ. Үүний учрыг сөрөг хүчин болох МАН-ын төлөөллөөс сэтгүүлчид асуухад тэд манай бүлгийн даргаас хариулт аваарай хэмээн үл тоомсорлов.
Харин тус сумын дөрөвдүгээр багийн засаг дарга, АН-аас нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон А.Халийгаас асуухад тэр, хуралдаанд ч, хурлын даргын үйл ажиллагаанд ч сэтгэл дундуур байна. Онгар дарга ганц хуудас тайлан илтгэлээ бие дааж бэлтгээд уншлаа. Өлгийд багагүй зүйл хийгдсэн нь маргаангүй. Гэхдээ уг ажлыг ганц нэг хүн, аль нэг намынхан хийгээгүй бүгдээрээ хийж бүтээсэн. Үүнийг болон цаашдын зорилтыг бид бүгдээрээ хэлэлцсэн бол буруутахгүй байлаа. Харамсалтай нь энэ хуралдааны товыг урьдчилж зарласангүй, зарим төлөөлөгч зар сонсоо ч үгүй. Идэвх санаачлага, хариуцлага эндээс харагдаж байна гэсэн маягийн хариу өглөө. Ингээд хурлаа маргааш нь үргэлжлүүлэхээр тарлаа.
Ш.Айзаря