БАЯН-ӨЛГИЙ: “Байгальд ээлтэй залуусын чуулган”-ыг анх удаа зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Монгол экологи төв” ТББ, “Teen хуралдай” үндэсний хөтөлбөртэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын оролцоотойгоор "Өлгий дэх залуучуудын хүч" Баян-Өлгий аймгийн байгальд ээлтэй залуусын чуулганыг анх удаа зохион байгууллаа.
Уг чуулганы гол зорилго нь өсвөр үеийнхэнд байгаль орчин,
тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг олгох, хувь хүний хөгжил, манлайлал,
оролцоог дэмжих, улмаар хариуцлагатай, байгальд ээлтэй иргэн болгон
төлөвшүүлэхэд оршиж байна.
Чуулганд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий
боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, эко клуб болон оролцооны
байгууллагын 80 сурагч оролцож, байгаль орчны тулгамдаж буй асуудлуудын
талаар хэлэлцэж, санал-шийдлүүдээ нэгтгэн ярилцлаа.
Оролцогчид чуулганы үр дүнд гаргасан тунхаг бичгээ аймгийн Засаг
даргад гардуулан өгч, бодлогын түвшинд анхаарал хандуулж
ажиллахыг хүслээ.
Энэхүү үйл ажиллагаа нь залуусын идэвх, оролцоог нэмэгдүүлж,
байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэх, олон
нийтийн оролцоог хангах чухал алхам боллоо.