“UBIKE” төсөлд шинээр 100 ширхэг унадаг дугуй нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-14 14:35:13
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “UBIKE” төслийн хүрээнд хэрэгжиж буй түрээсийн дугуйн үйлчилгээнд НЗДТГ-тай хамтран ажиллаж байгаа “Никел Ганбаа” ХХК шинээр 100 ширхэг унадаг дугуйг нийлүүлэв.
 
НЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд 14 байршлаас 250 дугуйг үйлчилгээнд нэвтрүүлж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрчээ.
 
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, Төслийн нэгдүгээр үе шат буюу 2020 он гэхэд Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн дугуйн зогсоол бүхий 150 байршлаас 2000 ширхэг дугуйгаар иргэдэд үйлчлэхээр төлөвлөсөн. Мөн 2019 оноос эхлэн цахилгаан тэжээлээр ажиллах “Ю скүүтэр”-ийг  мөн нэвтрүүлнэ” гэв.
 
Никел Ганбаа ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням, Бид хэрэглэгчдийнхээ хүсэлтээр хүлээлгийн горимыг нэмж байгаа. Энэ нь хэрэглэгч дугуйг нэг цагаар түрээслэх хугацаандаа дунд нь дэлгүүр, албан байгууллага, үзвэр үйлчилгээний газар орсон тохиолдолд хүлээлгийн горимд шилжих бөгөөд энэ хугацаанд дугуйг өөр хүн түрээслэн унах боломжгүй. Шинээр 7 зогсоол нэмсэн байгаа. Дугуйгаа зориулалтын зогсоолд байршуулаагүй тохиолдолд 2500 төгрөгөөр торгохоор болсон. Мөн гудманд эзэнгүй орхигдсон дугуйг зориулалтын зогсоолд байршуулсан хэрэглэгчийн дансанд 2000 төгрөгийн урамшуулал ордог болгож системээ шинэчиллээ” гэв. 
 
Өнөөдрийн байдлаар дэлхийн 600 гаруй хотод түрээсийн дугуйн үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд  энэхүү үйлчилгээ нь хямд, ухаалаг тээврийн хэрэгсэл хэмээн үнэлэгдээд байгаа аж.
 
С.Мөнхбаатар

Холбоотой мэдээ