Зургаан төсөл хөтөлбөрт нэг тэрбум 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-13 15:19:33
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатр аймгийн хамгийн том уул уурхайн компани болох Цайрт минераль ХХК нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу энэ онд аймгийн хэмжээнд нийт зургаан төрлийн төсөл хөтөлбөрт нэг тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

Өөрөөр хэлбэл уламжлалт эмчилгээний эмнэлгийн барилга угсралтын ажилд 600 сая, Баруун-Урт сумын өрхийн эмнэлгүүдийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 60 сая, АНЭ-ийн хэвтэн эмчлүүлэгчдийн орны иж бүрэн шинэчлэлд 60 сая, эрүүл мэндийн салбарын материаллаг баазыг бэхжүүлэхэд 130 сая, Баяндэлгэр, Дарьганга, Эрдэнэцагаан сумдад хээрийн сайт байгуулах ажилд 150 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, санхүүжилтийг бүрэн олгожээ.  Ажлын байр нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрт 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор гүйцэтгэгч нь тодорхой болоогүй учир санхүүжилт хараахан олгогдоогүй байгаа юм байна.

Цайрт минераль ХХК нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тал дээр ихээхэн  анхаарч ажилладгийн нэгээхэн илрэл нь нийгмийн салбаруудад оруулж буй хөрөнгө оруулалтууд юм.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ