СҮХБААТАР: Малжуулах төсөлд 40 өрх хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ
онд Сүхбаатар аймгийн хэмжээнд 40 малчин өрх
малжуулах төсөлд хамрагдлаа. Эдгээр өрхийн 80 гишүүнд 320 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж батламж гардууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2025 оны 01 тоот тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр малгүй болсон болон цөөн малтай Сүхбаатар аймгийн 40 малчин өрхийг малжуулах төсөлд хамруулж, санхүүгийн дэмжлэгт хамрагдсан батламжийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М.Ганхүлэг болон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн
бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Ө.Бат-Амгалан зэрэг нар гардууллаа.
“Төсөл хөтөлбөрт хамрагдсан өрхүүд мал сүргээ тууштай маллаж, өсгөн үржүүлж ашиг шимийг нь хүртэх ёстой. Үүний зэрэгцээ малчид ямар ч цаг үед бэлтгэл, бэлэн байдлаа хангах
буюу өвөл, хаврын улиралд аливаа эрсдлийг даван туулах, тэсвэрлэх чадвартай байхад анхаарах нь юу юунаас илүү чухал”
гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат захиж байв.
2024
оны өвөл, хаврын цаг агаарын аюулт үзэгдэл болон зудын улмаас Сүхбаатар аймгийннийт мал сүргийн тавиас илүү хувь нь хорогдсон. Огт малгүй болсон буюу цөөн тооны малтай үлдсэн өрхийг малжуулах төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж одоогоор 507 өрхөд 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 20722 толгой малыг хүлээлгэж өгөөд байна гэж аймгийн ХХҮГ-аас
мэдээллээ.