СҮХБААТАР: Хүрэл зэвсгийн үед хамаарах хадны зургийн дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-04 16:26:13

Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс баруун урагш 70-аад км зайд Бударын чулуу хэмээх газар энэхүү дурсгал оршдог бөгөөд нутгийнхан “Догшин Бударын чулуу” хэмээн нэрлэдэг..


 

Бударын чулууны дунд хавьцаа ханан хаданд хоёр хэсэг газар хүн, адуу мал, ан амьтдын дүрсийг бүх талбайгаар нь хонхойлгон цохиж сийлсэн байна. Зураг бүхий 8,7 м урт талбайтай. Бударын чулууны дурсгал нь Монгол орны хадны зургийн тархалтыг дорнод хязгаар хүртэл тэлэх боломж олгосон. Энэ дурсгалыг 1996 онд Монгол, Солонгосын хамтарсан “Дорнод Монгол” төслийн хээрийн шинжил­гээний анги илрүүлэн судалсан байна.

 

Бударын чулууны зурагт талбайн эхний зургийн дунд талын шат маягийн хөндлөвчтэй босоо зураас нь ховор тохиолдох сонирхолтой өгүүлэмж юм. Эндхийн сийлмэл зурагт хүний дүрс хамгийн олон тоотой дүрслэгдсэн бөгөөд цөм ямар нэгэн үйл хөдлөлийг илэрхийлсэн байдаг. Морь, нохой хөтөлсөн, хоорондоо хөтлөлцсөн, хөөцөлдсөн, ноцолдож байгаа, давхарлан хэвтсэн хүн мэт зургуудыг хүрэл зэвсгийн эхэн үе болон хойших үеийн зургуудад түгээмэл байдаг тоймлон зурах уламжлалт арга барилаар урлажээ.


 

Бударын чулууны хадны зургийн өөр нэг гол сэдэв нь зэрлэг амьтдын зураг юм. Дүрсэлсэн ан амьтад нь зөвхөн тухайн газар нутагт хамгийн элбэг байдаг зээр, гө­рөөс, чоно, янгир зэрэг болно. Бударын чулууны зу­рагт зээр, чоно зэргийг ихэд цэвэрхэн, тод томруун дүр­сэлсэн байх бөгөөд адуу мал, хүн рүү хандан зогтусан зог­сож юм уу, үргэн зайлж байгаагаар харуулжээ.


Нэг со­нир­холтой нь могойн зураг юм. Могойг хадны зурагт дүр­сэлсэн нь элбэг байдаг бөгөөд эртний хүмүүс могойг сайн, муу үйлийн аль алинд нь бэлгэшээж байсан гэж үз­дэг. Ази, Америк тивийн зарим ард түмний үлгэр до­могт могойг гай тарих, муу үйлийн тэмдэг болгодог бай­хад зарим нь газар усны онгон шүтээн гэж хүндэтгэж үзэх нь ч байдаг. Шашны есөн онгодын нэгэнд могой ордог зэргээс үзвэл энэ нь бөөгийн эртний уламжлалтай байж болох юм хэмээн тайлбарласан байдаг.

 

関連ニュース