Эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулах ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-16 18:07:28
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас эцэг эхчүүдтэй гэрээ байгуулж эхэллээ. Сүүлийн үед эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих анхаарал халамж, хяналт суларснаас өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдох асуудал гарсаар байна. Он гарсаар 3 дугаар улирлын байдлаар хүүхэд оролцсон гэмт 13 буюу 7.14 хувь, сурагч оролцсон гэмт хэрэг 8 үйлдэгдэж  өмнөх оны мөн үеэс 5-аар буюу 38.46 хувь, оюутан оролцсон гэмт хэрэг 7-гоор буюу 12,5 хувь буурсан судалгаа гарчээ. Хэдий буурсан ч гэлээ хүүхдээс үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг эрс буулган болж өгвөл тэглэх арга хэмжээ авч ажиллаж байгаа ажээ.
 
Иймд эцэг эх, асран хамгаалагчийн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх хоорондын уялдаа холбоог сайжруулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн  хариуцлага хүлээлгэх зорилгоор цагдаагийн газар, анги удирдсан багш, эцэг эх, асран хамгаалагчидтай  гурвалсан гэрээ байгуулахаар болж, загварыг 9 дүгээр сараас эхлэн бүх сум сургуулиудад хүргүүлээд байна. Өнөөдрийн байдлаар цөөхөн сумын сургуулиудаас гэрээний талаар эргэж мэдэгдээд байгаа юм байна.

Тус гэрээг 19 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг эх, эх, асран хамгаалагчтай байгуулж ажилласнаар эцэг эхийн хүүхэддээ тавих хараа хяналт сайжрах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос хамгаалах ач холбогдолтой юм.

Б.Гэрэлт-Од
Related news