АРХАНГАЙ: Билгэ хааны алтан титмийг Хөшөө цайдамд хадгалж байна

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-05-05 13:06:04

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 124 тоот тушаалаар “Хосгүй үнэт дурсгалт зүйл”-ээр баталсан VI-VIII зуунд холбогдох Билгэ хааны алтан титмийг танилцуулж байна.

 

Алтан титмийн өндөр 9.3 см, урт 23 см, жин 80 гр бөгөөд одоо Архангай аймгийн Хашаат сум дахь Хөдөө цайдамын музейд хадгалж байна.


Түрэгийн Билгэ хаан 734 онд тэнгэрт халихад түүнд зориулан тахилын онгон байгуулсан нь одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт буй. Уг тахилын онгоныг 2001 онд Монгол-Туркийн хамтарсан археологийн судалгааны анги малтан судлах үеэр олон тооны алт, мөнгөн эдлэл олдсоны нэг нь энэхүү титэм билээ.


Титэм нь алтаар бүтээсэн, 23 см орчим хагас дугуй хэлбэртэй, 5 хэсэг юм. Төв хэсэгт нь хошуундаа эрдэнийн чулуу зууж жигүүрээ дэлгэсэн жигүүртэн байх бөгөөд шувууны их бие, өд сөд, далавчийг нь тод томруун сийлсэн. Түүний хоёр хажууд цэцэг навчин хээтэй дэлбээ мэт хэсэг үргэлжлэх хийгээд титмийн суурь бүслүүр, их бие дээр эрдэнийн чулуу шигтгэж байсан нуух хоногууд харагдана. 


Хөшөө Цайдамын музей нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 32-р тоот тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэгтэй.


Одоогийн байдлаар “Хөшөө цайдам” музейд 300 гаруй түүхийн үнэт ховор эд өлгийн зүйл хадгалагдаж байна.


1997-2007 онд Монгол Туркийн хамтарсан “Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах сэргээн засварлах” төслийн үр дүнд Монгол орны төв нутагт буй VIII зууны Түрэг улсын алдар цуут хаад, язгууртны дурсгал болох Билгэ хаан, Культегин жанжны тахилын онгонуудыг судлан шинжлэх хайгуул малтлагын явцад алт, мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй зүйл бүртгэгджээ.


Дээрх олдворууд нь 30 см зузаан, 40х80 см талбайд хоорондоо сул хөрс бараг байхгүй, дээр дээрээсээ зайгүй давхарладсан байдалтай байжээ.