Хэрлэн суманд 19.04 га газрыг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-01 12:25:46
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ИТХ-ын IV хуралдаанаар 2017 онд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1033 нэгж талбарт 104.36 га талбай олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу энэ сарын 25-ны өдөр Хэрлэн суманд шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авснаас 2, 5 дугаар багт 272 иргэнд 19.04 га газрыг олголоо.

Монгол Улсын шинэ үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба Улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн заалтын дагуу иргэний газар өмчлөлийн асуудал үндсэн хуулиар баталгаажсан юм. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2002 онд батлагдан, одоог хүртэл хууль хэрэгжих хугацаанд 7 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Хамгийн сүүлд буюу 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын иргэн бүрт 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл газар өмчлүүлэхээр нэмэлт өөрчлөлт оржээ.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг зөвхөн нэг удаа үнэгүй өмчлөх бөгөөд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт эзэмших газрын хэмжээг нийслэлд 0,07, аймгийн төвд 0,35, сумын төв, тосгонд 0.5, нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай автозамын дагуух газарт 0.07 га хүртэл хэмжээтэй байхаар заасан байна.
Д.Одонтунгалаг
 
Related news