“Багш шавийн эрдмийн уулзалт” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ АШУҮИС-ийг төгссөн багш шавийн эрдмийн уулзалт, сургалт Хэнтий аймагт болж, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа тэргүүтэй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдэмтэн докторууд, эрүүл мэндийн салбарын 200 гаруй багш ажилтнууд оролцлоо.
Мөн энэ үеэр Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан эмч мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн яамны болон АШУҮИС-ийн шагналаар шагнаж урамшуулсан юм. Түүнчлэн “Багш шавийн эрдмийн уулзалт”-д хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш, эмч нар төрийн болон хувийн эмнэлгийн эмч, сувилагч нарт мэдлэг хандлага, ур чадварыг нэмэгдүүлэх сертификат олгох сургалтыг зохион байгууллаа.
Монгол Улсад хүний их эмч бэлтгэж эхэлсний болон АШУҮИС үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг угтан "Зуун зуунд шавийн төлөө, Зүрх сэтгэл нь хүний төлөө" уриатайгаар тус сургуулийг төгссөн Багш шавийн эрдмийн уулзалт, сургалтыг 3-р сарын 30-ны өдрөөс эхлэн бүсчилсэн байдлаар явуулж байгаа юм.
Д.Одонтунгалаг