Хуванцар сав, гялгар уутыг худалдаж авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-01 21:09:25
Хэнтий /МОНЦАМЭ/ Байгальд шингэхгүйгээр 100, 200 жилээр хадгалагдаж байгаа хогийг дахин боловсруулж, байгалиа  цэвэрлэн, бизнес эрхлэх бодол өвөрлөн  Б.Энх-Амгалан Хан Хэнтий нутгийг зорин иржээ.
Тэрбээр хотод 4 жил гаруй түүхий эд, хог хаягдал авч, бэлтгэн нийлүүлж байсан туршлагатай юм байна. Хэнтий аймагт түүхий эд, хог хаягдал их байдаг болохоор эндээ суурьшин, зэс, гууль, хөнгөн цагаан, хайлш, аккумлятор, төмөр, архины шил, хуванцар сав, гялгар уут зэрэг бүх төрлийн түүхий эдийг  худалдан авч, Улаанбаатар хот руу бэлтгэн нийлүүлж эхлээд байна.
Хог хаягдал, түүхий эдийг хүмүүсээр түүлгэн авч, преслэж шахах ажилд дэмжлэг үзүүлээч гэсэн саналыг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат дэмжин, ажиллах нөхцлийг бүрдүүлж өгчээ. Хэрлэн сумаас түүнд үйл ажиллагаа явуулах хашаа, тогны асуудлыг нь шийдэж өгсөн бөгөөд гялгар уут, торыг худалдаж авч, устгалд оруулах саналыг тавьжээ.
Б.Энх-Амгалан гуравдугаар сарын 20-нд ажлаа эхлүүлж, 1 кг хуванцар сав, гялгар уутыг 100 төгрөгөөр авч байгаа ч яваандаа үнийг нэмэгдүүлэх бодолтой байгаа гэнэ. “Одоогоор 8 тонн гаруй хуванцар сав худалдан авсан байна. Төвлөрсөн хогийн цэг дээрээс хүмүүсээр хаягдал хогийг түүлгэж, худалдаж авдаг. Нэг шуудай хуванцар сав, гялгар уутыг 700 төгрөгөөр ангилан ялгуулдаг. 5  хүн өнгө өнгөөр нь ангилан ялгадаг. Хүмүүс шантраад хийхгүй байгаа” гэж ярьлаа.
Манай аймагт бүртгэлтэй ажилгүй иргэд 1338 байгаа боловч байгалиа цэвэрлэн, хог хаягдлаа мөнгөөр өгөх ажилд хойрго хандаж байгаа нь харамсалтай.
Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгаж зориулалтын хогийн саванд хийж хэвшин, гудамж талбай, байгальд хаяхгүй байж, хүүхэд залууст зөв үлгэр дууриал үзүүлэх нь бидний хүрээлэн буй орчинтой холбоотой чухал асуудал юм.
Д.Одонтунгалаг
 
Related news