Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн II чуулганд Хэнтийчүүд амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-23 18:10:29

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн II чуулган” 4-р сарын 20,21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо  зохион байгуулагдаж, Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөрөөр ахлуулсан ажлын хэсэг амжилттай оролцож, зохион байгуулалттай 3 аймгийн нэгээр  шалгарлаа.

Чуулганы эхний өдөр “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, үзэсгэлэнд 21 аймгийн 1,600 гаруй нөхөрлөл  оролцсон юм.
Үзэсгэлэнгийн үеэр улсын хэмжээний шилдэг бүтээлүүдийг шалгаруулж,  Дадал сумын “Амирлангуй” нөхөрлөлийн гишүүн Ц.Баярсайханы “Ширээний ком” хөндий улиасаар хийсэн бүтээл  1-р байр, Норовлин сумын “Бэрх” нөхөрлөлийн гишүүдийн хийсэн “Ширээ сандал”  бүтээл  3-р байрыг тус  тус эзэллээ.  
Чуулганы 2 дахь өдөр Төрийн ордны их танхимд үндэсний II чуулган амжилттай эхэлж,  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол нар нээж үг хэллээ. Энэ удаагийн чуулганаар байгаль хамгаалагчид өмнөх чуулганаасаа илүү ахисан түвшинд асуудал хэлэлцсэн юм.

Ойн хил хязгаарыг тодорхойлох шаардлагатайг нөхөрлөлүүд онцлов
“Байгалиа хамгаална” гэж нөхөрлөл байгуулах зөвшөөрөл авчихаад ан амьтныг нь хороох, бусдад хууль бус ан агнуур хийх боломж олгох зэргээр байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй байгааг байгаль хамгаалагчид шүүмжилж, бусдадаа анхааруулж байсан юм.

Нөхөрлөлүүдээс Байгаль орчны тэргүүний ажилтан 13 төрлөө
Байгаль хамгаалах нөхөрлөлүүд чуулганаар өөрсдийн өмнө тулгамдаж байгаа болон ололт амжилтаа хэлэлцсэний дараа шагнал гардуулах ёслол болж, БОАЖЯ-ны сайдын тушаалаар Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр 13 байгаль хамгаалагч энгэрээ цоолуулж, Байгаль  орчин аялал жуулчлалын яамны жуух бичгээр шилдэг 20 нөхөрлөл шагнагдлаа.  

Байгаль хамгаалагчид төр засагтаа гэрийн даалгавар өгөв

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганаас зөвлөмж гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудыг төр засгийн хэмжээнд шийдэхийг байгаль хамгаалагчид хүслээ.   Тодруулбал,

УИХ-д:

• Байгаль хамгаалах нөхөрлөл (цаашид “нөхөрлөл” гэх)-ийг дэмжих орон нутгийн засаг захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох, байгалийн нөөцийн хамтын менежментийг зохицуулах чиглэлээр нөхөрлөлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
• “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуульд заасны дагуу орон нутгийн төсөвт төвлөрдөг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувь буюу ойн нөөц ашигласны орлогын 85-аас доошгүй хувь, газрын нөөцийн төлбөрийн 15-аас доошгүй хувь, ус, рашааны нөөц ашигласны 35-аас доошгүй хувь, ан амьтны нөөц ашигласны 50-аас доошгүй хувь, ургамлын нөөц ашигласны 15-аас доошгүй хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс төсвийн хөрөнгийн зарцуулалтын байдалд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх;
• Тусгай хамгаалалттай газар нутагт нутгийн иргэдийн оролцоог тусгах

Засгийн газарт:

•  Нөхөрлөлүүдийг нэгдсэн зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, өргөжүүлэн хөгжүүлэх, чадавхжуулах, байгаль орчноо хамгаалах уламжлалт зан заншлаа өвлүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг дэмжих;
•   Мод тарьж ургуулах, усны эх, булаг шандыг арчилж тордох зэргээр байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр санаачлагатай ажилласан иргэд, нөхөрлөлийг урамшуулж сурталчлах, зээлийн хөнгөлөлттэй нөхцлөөр техник, тоног төхөөрөмж лизингээр авахад дэмжлэг үзүүлэх;
• Олон улсын төсөл, хөтөлбөр, хандивлагч байгууллагын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, байгаль хамгаалах нөхөрлөлд урт хугацааны тогтвортой дэмжлэг үзүүлэх;
•  Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн журам батлан хэрэгжүүлэх
•   Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн урамшууллын тогтолцоог бий болгох

Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагад:

•  “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” болон холбогдох бусад хуулиудын хэрэгжилтийг хангаж, нөхөрлөлд мэргэжил, арга зүй, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг төлөвлөн хэрэгжүүлэх;
.Олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс нөхөрлөлийн гишүүдээс идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр урамшуулах арга хэмжээ авах;
• Нөхөрлөлийн сайн туршлага, ололтыг түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах үйл ажиллагааг дэмжих, туршлага солилцох уулзалт ярилцлага, семинар зөвлөгөөн, байгалийн цэвэр бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сургалт, сурталчилгааг зохион байгуулах зэрэг гэрийн даалгаврыг хүргүүлсэн байна.
Үүнтэй зэрэгцэн төр засгийн зүгээс ч мөн Байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлэхээр тусгажээ.

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд:

• Нөхөрлөлийн зорилго, ач холбогдлыг иргэд, олон нийтэд зөв таниулан сурталчилж, нутгийн иргэдийг өргөнөөр хамруулах, нөхөрлөлийнхөө бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, гишүүдийнхээ тэгш оролцоо, идэвхи санаачилгыг өрнүүлж хууль тогтоомжийн хүрээнд ажиллах;

• Байгалийн нөөцийн хамтын менежментийн дотоод засаглалын хүрээнд талууд тэгш эрхтэйгээр оролцож, харилцан үүрэг хариуцлага хүлээж, хамтран ил тод ажиллах;

• Гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлж, чадавхжуулах замаар нөхөрлөлийн дундын сангаа аривжуулах, дотоод нөөц боломжоо бүрэн дайчилж санхүүгийн хувьд бие даан ажиллах арга замыг эрэлхийлэх;
• Ирээдүй хойч үеийнхэндээ байгаль хамгаалах мэдлэг, өв уламжлалыг өвлүүлэх, байгалийн нөөцийг үр ашигтай, хаягдалгүй ашиглах, арвилан хэмнэх ногоон хэрэглээг амьдралд хэвшүүлэх чиглэлээр нөхөрлөлийн гишүүд үлгэрлэн манлайлах,
• Нөхөрлөл үйл ажиллагааны тайлангаа жил бүр сумын ИТХ-д тайлагнахаас гадна санхүүгийн тайланг гаргаж хэвших зэргийг тусгажээ.
 

Д.Одонтунгалаг

Related news