Зөрчилтэй дөрвөн барилгыг буулгахаар шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-22 08:15:36

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомж зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийж зөрчилтэй барилгуудыг буулгах шийдвэр гарсан.

Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдан шалгалт хийсэн бөгөөд барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхисон зөрчил илэрсэн байна. 

 Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23 барилга бүртгэгджээ

 

Дээрх барилгууд “Барилгын тухай” хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй,  барилга угсралтын ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй аж. Тиймээс эл 23 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллагын  “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг Барилгын тухай хуулийн 20.8  дах заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлжээ.

Үүнээс албадан буулгуулах  4 барилгын шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаас гаргасан байна. Тодруулбал ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунцэцэгийн орон сууцны барилга, ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун хойно баригдаж буй иргэн Баяндалайн захиалгатай 3 давхар үйлчилгээний барилга, БГД -ийн11 дүгээр хороонд байрлах иргэн Ц.Машбатын үйлчилгээний 2 давхар барилгын өргөтгөлийн хэсэг, БГД 20 дугаар хороонд байрлах “Эх мандал” ХХК-ийн оффисын барилгын өргөтгөлийг буулгах шаардлагатай гэж үзжээ.

Дээрх хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  иргэн Ц.Машбатын Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үйлчилгээний 2 давхар барилгын өргөтгөлийн хэсгийг буулгасан байна. Уг барилга нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд байрладаг бөгөөд эзэмшил газраасаа хэтрүүлэн өргөтгөл барьсан, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, эскиз, батлагдсан зураг төсөлгүй, явган хүний зам талбай зорчих хэсгийг хаасан зэрэг зөрчилтэй байжээ.
 

  • Б.Заяа
Related news