Гаалийн хорио цээрийн хяналтын өдөр тутмын үйл ажиллагааг цахимжуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Гаалийн хорио цээрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд хилийн хяналтын удирдлагын системийг нэвтрүүллээ.
Азийн
хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Ургамал, малын эрүүл ахуй,
хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах нь” төслийн хүрээнд
"Хилийн хяналтын удирдлагын систем" дэд төслийн хөгжүүлэлтийг дуусган
гаалийн хорио цээрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй юм.
Ингэснээр
гаалийн хорио цээрийн хяналтын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байсан
цаасан суурьтай бүртгэлүүдийг цахимжуулж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд
өгөгдлийн санг үүсгэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай шаардлагатай
мэдээллийг солилцох боломжтой боллоо. Мөн хилийн нэвтрэх цэгт нийгмийн эрүүл
мэндийн ноцтой байдал үүссэн үед хариу арга хэмжээг шуурхай авч, хорио цээрийн
хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн заавраар гүйцэтгэх, хязгаарлагдмал хүний
нөөцийг үр дүнтэй ашиглах, гадаад худалдаанд оролцогчдын үйл ажиллагааг
хөнгөвчлөх, бизнесийн орчинг дэмжих зэрэгт чухал ач холбогдолтой аж.