Дадал сумыг “Ногоон хөгжлийн загвар сум” болгох анхны хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-07 18:03:36

Хэнтий /МОНЦАМЭ/.“Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” урт хугацааны бодлогын баримт бичгийн хүрээнд талуудын оролцоог хангасан анхны хэлэлцүүлэг энэ сарын 06-ны өдөр Дадал суманд боллоо.

Дадал сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ, БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын төлөөлөл, сумын байгууллага, ААН, нөхөрлөл, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 44 хүн оролцсон байна.

Хэлэлцүүлгээр ногоон хөгжлийн талаарх ерөнхий ойлголт, чиг хандлага, “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний ерөнхий танилцуулга мэдээлэл, Дадал сумын ногоон хөгжлийн талаар баримталж буй бодлого, өнөөгийн нөхцөл байдгийн талаар мэдээлэл хийжээ. Мөн тус сумын ногоон хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, “Ногоон хөгжлийн загвар сум” болоход чиглэсэн бодит, хэрэгжихүйц үйл ажиллагааг талуудын оролцоотойгоор төлөвлөсөн аж.

Хэлэлцүүлгээс гарсан санал санаачлага, төлөвлөгөөг цаашид сумын “Ногоон хөгжлийн бодлого”-д тусган, томилогдсон ажлын хэсэг байгалийн үр өгөөжийг дэмжсэн үйдвэрлэл үйлчилгээ эрхлэх,  ядуурлыг бууруулах талаар бодитой ажлыг хэрэгжүүлж, иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийн ажиллахаар шийдвэрлэжээ.

Д.Одонтунгалаг

Related news