Чингис хотод хаврын их цэвэрлэгээний аян өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-05 20:09:00

Хэнтий /МОНЦАМЭ/. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, Монгол Улсын “Хог хаягдлын тухай” хууль, “Эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, Чингис хотод хэрэгжиж буй хог хаягдлын шинэ менежментийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хоггүй Чингис хот” сарын аяныг хоёр үе шаттай зохион байгуулах гэж байна.

Тус аянд Чингис хотод үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, ААН, айл өрх, иргэд хамрагдах бөгөөд 1-р үе шат энэ сарын 7,8,9-ний өдрүүдэд, 2-р үе шат энэ сарын 10-наас ирэх 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Аяны хүрээнд ААН, байгууллагууд нийтийн эзэмшлийн талбайг батлагдсан хуваарийн дагуу цэвэрлэхээс гадна орчныхоо 50м газрын хогийг цэвэрлэж, өөрсдийн унаагаар хогийн төвлөрсөн цэгт хаяж, энэ тухай тайланг зургаар баталгаажуулан холбогдох мэргэжилтэнд ирүүлэх бол айл өрхүүд хашаа болон орон сууцны гадна ойр орчныхоо хогийг цэвэрлэн хуваарилагдсан авто машинд ачихад бэлэн болгох ёстой юм. Мөн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна талдаа өнгө үзэмжтэй, багтаамж сайтай хогийн савыг заавал байрлуулах зэрэг ажлууд багтжээ.

Харин 2-р шатны хувьд 4 дүгээр сарын 10-наас 5 дугаар сарын 7-ны өдрүүдэд Чингис хотын төвлөрсөн хогийн цэгийг дарж булж хашаажуулах ("Өндөрхаан хот тохижилт" ОНТҮГазар) бол 5 дугаар сарын 2-нд нийтийн эзэмшлийн гудамж талбайг дахин цэвэрлэх (Сургуулийн ахлах ангийн сурагчид) аж.

Иргэн аж ахуй нэгж байгууллага удирдамжинд заасан хуваарийн дагуу цэвэрлэгээнд хамрагдаагүй тохиолдолд “Хог хаягдлын тухай хууль”-ийн 9.3-т заасны дагуу холбогдох арга хэмжээг авч, 21.1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах юм байна.

Д.Одонтунгалаг

Related news