ОУВС юанийн нөөцийн мэдээллийг олон нийтэд ил болголоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /СИНЬХУА/. Олон улсын валютын сан /ОУВС/ баасан гарагт анх удаагаа юанийн нөөцийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгожээ.
Дэлхийн валютын нөөцийн бүтцийн талаарх ОУВС-гийн улирал тутмын тайланд дурдсанаар, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар юанийн нөөц 84,51 тэрбум ам.доллартой тэнцэж байсан бөгөөд Хятадын валютын эзлэх хэмжээ 1,07 хувь байжээ.
2016 оны дөрөвдүгээр улиралд дэлхийн валютын нийт нөөц 10,79 их наяд ам.доллар байсан нь гуравдугаар улиралд 11,06 их наяд доллар байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.
Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн ОУВС улирал тутмын тайландаа Хятадын валютын нөөцийн талаар тусад нь мэдээлэх болжээ. Хятадын юань нь ам.доллар, евро, фунт стерлинг, иен, швейцарь франк, австрали доллар, канад долларын нэгэн адил наймдахь валют болсон байна.
Энэхүү алхам нь зах зээлийн үүрэг ролийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх замаар юаниа олон улсын валют болгох гэсэн Хятад улсын хүчин чармайлтыг харуулж буй хэрэг юм гэж ОУВС мэдэгдэж байсан юм.
Өнөөгийн байдлаар дэлхийн 146 орон, бүс нутаг сайн дураараа ОУВС-нд өөрсдийн валютын нөөцийн бүтцээ тайлагнадаг байна. Хятад улс 2015 оны 9 дүгээр сараас эхлэн тайлангаа илгээх болсон ба энэ нь санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг хангахад чиглэсэн чухал арга хэмжээ билээ.
О.Барс