Их Британи, АНУ худалдааны шинэ гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-05-09 09:57:46

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 9 /DW/. АНУ, Их Британийн хооронд худалдааны шинэ гэрээ байгуулсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар пүрэв гарагт утсаар ярьсныхаа дараа мэдэгджээ. 


"Энэхүү гэрээнд Америкийн экспортын бараанууд, ялангуяа Британийн зах зээлд нэвтрэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг олон тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан" гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Тухайлбал, АНУ-аас Их Британид нийлүүлж буй үхрийн мах, биоэтанолын хэмжээг нэмэгдүүлэх юм. Үүнээс гадна, Их Британийн тал “Boeing” компаниас олон тэрбум фунтын үнэ бүхий нисэх онгоцуудыг захиалах төлөвтэй байна. 


Цагаан ордны тэргүүн уг хэлэлцээрийг “Их Британи Европын Холбооноос (ЕХ) гарсан өдрөөс хойших анхны түүхэн худалдааны гэрээ” хэмээн нэрлэжээ.


Тэрбээр хэлэхдээ, АНУ гадаад худалдаанаас 6 тэрбум ам.доллар (5.3 тэрбум евро), мөн фермерүүд, малчид болон бусад үйлдвэрлэгчдэд олгож буй экспортын шинэ боломжуудын ачаар нэмэлт 5 тэрбум ам.долларын (4.4 тэрбум евро) орлого олно гэжээ. Мөн хөнгөн цагаан ба гангийн худалдаанд зориулсан хоёр талын бүс байгуулж, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг аюулгүй, эрсдэлгүй болгох арга хэмжээ авна.


"Гэрээний нарийн ширийн заалтуудыг ирэх хэдэн долоо хоногт эцэслэн хэлэлцэнэ" гэж Д.Трамп К.Стармертай утсаар ярьсныхаа дараа Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. 


АНУ мөн ойрын үед Энэтхэг, Израил улсуудтай худалдааны гэрээ байгуулах гэж байгаагаас гадна Япон, Өмнөд Солонгос, Вьетнам зэрэг улс орнуудтай хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. 




Related news