Монгол улсад хэрэгжүүлж буй аялал жуулчлалын төслүүдийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-30 17:07:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэх, энэ чиглэлээр нийслэл болон 21 аймагт хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулах зорилго бүхий "Ай Ти Эм Монголиа-2017” үзэсгэлэн маргааш буюу энэ сарын 31-нд “Мишээл экспо”-гийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

БОАЖЯ, Монголын аялал, жуулчлалын холбоо (МАЖХ) хамтран 18 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү ирэх сарын 02-ныг дуустал үргэлжлэх юм. Үзэсгэлэнгийн үеэр нийслэл хот, бүх аймаг орон нутгаас шинэ бүтээн байгуулалт, нутаг нутгийн бренд, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцүүлгийг зохион байгуулж, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийг гадаадын хөрөнгө оруулагчидтай холбох зэрэг арга хэмжээ зохион байгуулах аж. Түүнчлэн үзэсгэлэнгийн сүүлийн өдөр буюу ирэх сарын 02-нд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгжээс жолооч, тогооч, хөтөч зэрэг 210 гаруй ажлын байрыг олон нийтэд танилцуулж, бүртгэл явуулах юм.

Ч.Ариунболд

Related news