С.Булган: Монголын радио япон сонсогчдоосоо 40 мянган захидал хүлээн авсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-07 19:14:31

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Япон Улсын Сайтама мужийн сонсогч Ногүчи Минорү МҮОНР-гийн “Монголын дуу хоолой” нэвтрүүлгийн япон хэлний редакцад ирүүлсэн захидалдаа, “Би Монголын радиогийн япон хэлний нэвтрүүлгийг олон жил сонсож байна. Япон хэлний редакцынхан албан өрөөгөө цэгцэлж байгаад 20 жилийн өмнө бичсэн захидлыг минь оллоо” хэмээн зургийг нь явуулахад үнэхээр их гайхаж билээ” хэмээн бичжээ.


Түүнчлэн тэрбээр, “Энэ хамт олны эмх цэгцтэй, ариг гамтай, сонсогчдоо хүндэтгэдэг чанарыг биширч байна. Тэд өнгөрсөн оны 12-р сард Японы Элчин сайдын өргөмжлөл хэмээх нэр хүндтэй шагнал хүртсэн. Интернэтээс ахлах Булган, редактор Одгэрэл, Гуацэцэг нарын баяртайгаар мишээсэн царайг хараад бахархлаа.Та бүхэнд баяр хүргэе” хэмээн бичжээ.


Энэ бол Монголын радиогийн Япон хэлний редакцынхны хүлээж авсан мянга мянган захидлын зөвхөн нэг нь юм.


МҮОНР-гийн “Монголын дуу хоолой” радио нэвтрүүлгийн япон хэлний редакц 1989 оноос хойш 36 жилийн турш өдөр бүр 30 минут монголын тухай мэдээ, мэдээллийг япон хэлээр түгээж байна.


Энэ нь япончуудын хувьд Монголын талаарх үнэ цэнтэй мэдээллийн эх сурвалж болохоос гадна хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онц чухал ач холбогдолтой билээ.





Монголын радиогийн “Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн хэлтсийн Япон хэлний редакцынхан өнгөрсөн оны 12-р сард  Япон Улсын Элчин сайдын өргөмжлөлийг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүгаас гардан авсан юм.


“Монголын дуу хоолой” Япон хэлний редакц байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл Японоос гадна Хятад, Солонгос, Орос, Австрали, Франц, Америк, Энэтхэг, Украин, Финланд, Бразил, Испани гээд дэлхийн олон орны сонсогчдоос захидал хүлээн авч байна.


"Япон сонсогчид маань жилд 1000 орчим захидал илгээдэг байлаа. Харин сүүлийн жилүүдэд интернэт хэрэглээ өргөжсөнөөр энэ тоо 2000-д хүрээд байна. Тэгэхээр 36 жилийн хугацаанд манай редакц сонсогчдоосоо 40 000 шахам захидал хүлээн авсан болов уу” хэмээн Монголын радиогийн Япон хэлний редакцын ахлах редактор С.Булган ярьж байна.

Түүнээс мөн япон сонсогчид ямар мэдээлэлд хамгийн их сонирхдог тухай тодруулахад, “Бид сонсогчидтойгоо нэвтрүүлгээрээ дамжуулж хэдийнээ сайн анд нөхөд мэт элэгсэг дотно харилцаатай болжээ. Манай редакцыг Японы сонсогчидгүйгээр үнэхээр төсөөлөхийн аргагүй. Сонсогчид маань япон орны өнцөг булан бүрээс бидний нэвтрүүлгийг хүлээн авч, цаашид юу сонсохыг хүсэж байгаагаа, мөн өөрсдийн амьдрал ахуй, зовлон жаргал, санал хүсэлт, урмын сайхан үгийг захидал болгон илгээж байдаг” хэмээн онцолсон юм.

 

Ингээд “Монголын дуу хоолой” радиогийн Япон хэлний редакцад ирсэн захидлуудаас хуваалцъя.                                        


Токио хотын сонсогч Мияаги Коожи: 

                                 МОНГОЛ УЛСЫН “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ  ЗААВАЛ ҮЗНЭ                


Тавдугаар
сарын 7-ны өдрийн нэвтрүүлэг сонслоо. “Чингис хаан" музейн үзмэрүүд” нэвтрүүлэг мэдээлэл сайтай, сонсууштай байсан. Дээхэн үед л дээ, зохиолч Иноүэ Ясүшигийн “Хөх чоно” номыг уншаад Чингис хааны тухай судалдаг болж, Токио хотод Чингис хаантай холбоотой үзэсгэлэн гарвал дандаа очиж үздэг байж билээ. “Чингис хаан” музейд Чингис хааны алтан хөшөөг залсан тухай мэдээллийг сонслоо. Би Тайванийн Хааны ордон музейг үзэж байсан. Хэд хэдэн хөрөг зураг байсныг санаж байна. Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музейн Чингисийн алтан хөшөөг үзмээр санагдчихлаа. Цаашид ч “Чингис хаан” үндэсний музейн үзмэрийн тухай нэвтрүүлгээрээ танилцуулж байгаарай. Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музейг заавал очиж үзнэ ээ.


Сайтама  мужийн сонсогч  Ногүчи Минорү:

МОНГОЛООС ИРСЭН ЗУРГУУДЫГ ГЭРИЙНХЭЭ ҮНЭТ ЗҮЙЛ БОЛГОН ХАДГАЛНА

“Монголын дуу хоолой“ радиогийн 2025 оны 5-р сарын 11-ний өдрийн нэвтрүүлгийн мэдэгдэл буюу миний 1380 дахь захидлыг та бүхэн хүлээн авна уу!

“Ням гаргийн тусгай” нэвтрүүлгээр танилцуулж буй сонсогчдын нэрс болон захидлыг сонсож байхад Хоккайдогоос аваад Кюүшюү арал хүртэл япон орны өнцөг булан бүрээс танай нэвтрүүлгийг сонсож байгаа юм байна. Анх удаа нэрийг нь дуулж буй хүнээс авахуулаад байнгын, идэвхтэй сонсдог хүн ч олон байна. Ямар мужийнхан хамгийн их сонсож байна вэ, япон орны 47 хот мужаас захидал хүлээн авч байгаагүй газар байгаа юу, “Энэтхэг, Украин, Испани зэрэг улсын сонсогчдын нэрсийг танилцуулж байна. Өнөөг хүртэл хэдэн улсаас захидал хүлээн аваад байна вэ?”, Япон хэлний редакцаас бусад гадаад хэлний нэвтрүүлгийн эргэх холбоо хэр байгаа талаар танилцуулж өгнө үү. Саяхан Булган аймгийн Гурванбулаг сумын зурагтай ил захидал хүлээн авлаа. Маш гоё зурагтай хариу захидал илгээсэнд баярлалаа.


Явуулсан гэрэл зургуудыг тань өнгөтөөр хэвлээд, сар бүрээр нь эмхэтгээд би хадгалдаг. Монголоос ирсэн тэдгээр зургийг улам өнгөлөг тод болгож хэвлээд, гэрийнхээ үнэт зүйл болгон хадгалах зорилгоор шинэ хэвлэгч худалдаж авсан.


Одоо байгаа “Канон” маркийн хэвлэгч ямар ч асуудалгүй хэрэглэж болж байгаа ч “Монголын дуу хоолой” радиогоос илгээсэн гэрэл зурагт зориулаад шинийг худалдаж авсан. Яг гэрэл зураг шиг тод, гоё хэвлэдэг болохоор сэтгэл хангалуун байна.

 

Ибараки мужийн сонсогч Асано Тошио:

МОНГОЛЫН ТАЛААР ЦААШДАА Ч ИЛҮҮ ИХИЙГ ТАНИЛЦУУЛЖ ӨГӨӨРЭЙ

Өнөөдрийн нэвтрүүлгийн эхэнд монгол орон хийгээд нийслэл Улаанбаатар хотын өнөөгийн байдлыг танилцуулсанд машид их талархаж байна. Мөн нэвтрүүлгийн хагасаас гар урлалын хөгжил, өвлөн уламжлуулж буй байдлын талаарх сонин сайхныг сонслоо. Японы уламжлалт урлалын мастерууд, тэдний арга ухаан, мөн Английн гайхамшигт урлалтай адил Монголд ч гэсэн өөрийн гэсэн уламжлалт урлахуй үеэс үед өвлөгдөн байгааг сонсоход таатай сайхан байна.

Ойрын жилүүдэд интернэтээс  гадаад ертөнцийн талаарх мэдээллийг их авч байна. Харин танай радио сэдвээ тухайлан сонгож, нарийвчлан судалсны үндсэн дээр олон талт мэдлэг мэдээлэл өгдөг болохоор ойлгомжтой, маш сонирхолтой байж чаддаг. Цаашдаа ч Монголын талаар илүү ихийг танилцуулж өгөөрэй.


Токио хотын сонсогч  Ёкота Хидэми:

“МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ” РАДИОГ ХАЙРЛАН СОНСДОГ

Сүүлийн үед гараар бичих минь олширч байна. Ноднин жилийн 10 дугаар сараас богино долгионы радиогоо дахин сонсож эхлээд, хэр сонсогдож байгаа талаар мэдэгдэл захиа бичих болсон. Гар утас, компьютер дээр бичихтэй огт адилгүй мэдрэмж төрж,  гараар бичихийн жаргалыг амталж сууна. Ширээндээ тухалж, радиогоо сонсонгоо захидал бичиж суугаа өөрийгөө өдий насандаа ингэж сууна чинээ төсөөлж байсангүй. Үнэхээр “Монголын дуу хоолой” радиог хайрлан сонсдог болсон маань та бүхний хичээл зүтгэлийн үр дүн шүү.  Бичгийн хэв маань тааруухан байж мэдэх юм... ойлгож уучилна биз ээ. 


Миэ мужийн сонсогч Мицүнака Хироаки:

МОНГОЛ ДУУ, ХӨГЖМИЙГ ЦААШИД Ч ШИМТЭН СОНСОХ БОЛНО                               

Та бүхэн сайн байцгаана уу, нэвтрүүлгээ үргэлж интернэтээр сонсдог ч удаан хугацааны дараа радио долгионоор сонсож үзлээ. Энэ удаа Японы цагаар 7 цаг 30 минутын нэвтрүүлгийн долгион сулхан, бүдэг бадаг байсан ч сонсож чадлаа.

Долгионоор сонсоход яг л өөр улсын нэвтрүүлэг сонсож байгаа нь мэдрэгдээд их сайхан байдаг. Танай нэвтрүүлэг Монгол Улсыг танин мэдэх мэдээллийн гол эх сурвалж болж чаддаг шүү. Би дуу хөгжим сонсох их дуртай. Та бүхэн олон сайхан монгол дуу, хөгжим нэвтрүүлж өгдөг нь үнэхээр таатай санагддаг. Цаашид ч шимтэн сонсох болно.

Related news