“Дээлтэй монгол” наадмын үеэр талбайн зүүн талын замыг түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-07 15:46:25

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2025” наадмыг Д.Сүхбаатарын талбайд маргааш 11:00 цагт зохион байгуулна.


Уг наадмыг эмх цэгцтэй зохион байгуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын автомашины хөдөлгөөнийг 11:00-13:00 цагийн хооронд хязгаарлахаар болжээ.


Энэ жил 19 дэх удаагаа болох “Дээлтэй Монгол” наадмын үеэр шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, оролцогч, Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч, хамгийн сайхан дээлтэй хүүхдийг тус тус шалгаруулна. Мөн энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болохоос гадна хүүхэд, залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолтыг зохион байгуулах юм.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулна.

Related news