Энэ онд нийслэлд авто зам, нийтийн тээвэр, агаарын бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-07 16:03:31

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Улаанбаатар метро төслийн менежер Т.Мөнхдалай нар үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч "JP Morgan Chase" банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Karl E Yeh тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ, “Энэ онд нийслэл хот авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд, Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, трамвай, метроны шугам гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажилд олон улсын нээлттэй тендерийг үе шаттай зарлаж байгаа. Эдгээр төсөл, хөтөлбөрийн нэг болох Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч банкаар "JP Morgan" банк сонгосоны хувьд цаашид санхүүжилтийн баталгааг бий болгоход хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.


Мөн "JP Morgan Chase" банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Karl E Yeh цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа дурдав.


Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлж буй. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах төсөлд шаардлагатай санхүүжилттэй холбоотой ажлууд эрчимтэй үргэлжилж байгаа билээ.  


Ташрам дурдахад, Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч банкаар сонгогдоод буй "JP Morgan" банк нь АНУ-д төвтэй дэлхийн хотуудын метро, нисэх буудал томоохон дэд бүтцийн санхүүжилтийг ECA баталгааны хүрээнд босгодог мэргэшсэн, үндэстэн дамнасан томоохон банк юм. Уг банк нь энэ оны дөрөвдүгээр сараас нийслэл хотын сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд үнэлэлт дүгнэлт хийх, цаашдаа Монгол Улсын холбогдох хууль, журамд шинжилгээ хийж, олон улсын зах зээл дээрээс Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг босгох үүрэгтэй идэвхтэй ажиллах аж.  

 

Related news