"Улаанбаатар Трам” төслийн ТЭЗҮ-ийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-07 17:22:08

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. ЗТЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөл "Улаанбаатар Трам” төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг баталлаа.


Тус ТЭЗҮ-ийг өмнө нь Зам, тээврийн яамны Төмөр замын дэд зөвлөлөөр хэлэлцэн дэмжиж, мөн яамны Хөгжлийн төвөөр магадлуулсан бөгөөд ийнхүү мэргэжлийн зөвлөлөөр үе шаттай баталж байна.


“Улаанбаатар Трам” төслийг нийслэлд хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс (Зунжин худалдааны төв) Сүхбаатарын талбай чиглэлд, хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд хэрэгжүүлнэ.  Хотын хөнгөн төмөр замын тээврийн нэг төрөл болох энэхүү  төслийн нэгдүгээр шугамын урт нь 11 км хос шугам,  нийт 16 зогсоолтой байх бол хоёрдугаар трасс нь 15 км урттай, нийт  23 зогсоол бүхий хос шугам байх юм.


Энэхүү төсөл нь 100 хувь цахилгаан, эко их багтаамжийн нийтийн тээврийн систем бөгөөд автозамын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой төдийгүй төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд  25.7 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ.


Трамвайн  систем нь дэлхийн олон хотод  бусад их батаамжийн нийтийн тээврийн хэрэгслүүд болох метро,  BRT- тусгай замын автобус, болон автобусны системтэй хослон ажиллаж байна. Хүн ам ихтэй улс орнууд трамвайн системийг техник технологийн хувьд шинэчлэн сайжруулж, илүү ухаалаг, автоматжуулсан хэлбэрт шилжүүлсээр байна.

 

Related news