Эзэн богдын тоонот нутагт шатрын мастерууд оюунаа сорино
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-26-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал суманд 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү тэмцээнийг УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ дэмжин хамтран ажиллахаар болжээ. Тэмцээнд Улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнээс шалгарсан, манай улсын шилдэг эрэгтэй 12, эмэгтэй 12 оюуны спортын ноён оргилууд оролцон өрсөлдөх юм.
Эзэн богдын тоонот нутаг Дадал суманд энэхүү тэмцээнийг зохион байгуулсанаар дэлхий дахинаа орон нутгаа таниулах, тус сумыг аялал жуулчлалын “Соронзон орон” болохыг батлан харуулах, түүхийн чиглэлээр аялал жуулчлалыг хөгжүүлэх бүс болгох Засгийн газрын бодлогыг дэмжих зорилготой аж.
Энэхүү тэмцээн нь 1982 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд анх зохион байгуулагдсанаас хойш 25 жилийн дараа Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Тус тэмцээний нүүдлийг Дэлхийн шатрын холбооны гишүүн 180 оронд сайтаар дамжуулан шууд цацах бөгөөд олон улсын хэмжээнд түүхэн аялал жуулчлалыг таниулах сурталчлах томоохон боломж гэж зохион байгуулагчид нь үзэж байна.
Д.Одонтунгалаг