108 метр цагаан эсгийн дээр урласан зээгт ширмэл бэлэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-12 18:32:04

Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол туургатны гар урлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор “Монголын нууц товчоог”-г 108 метр цагаан эсгийн дээр урласан зээгт ширмэлийг танилцуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингис хотод зохион байгууллаа. 

Уг арга хэмжээнд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул, бүтээлийг санаачлагч “Хан Хэнтийн урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяа, Д.Нэргүй, Сүхбаатар аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих хорооны дарга О.Батсайхан, Баян-Өлгий аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих хорооны дарга М.Ардабек, Увс аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих хорооны дарга Н.Цолмон болон Монгол улсын 20 аймгийн төлөөлөл, ОХУ-ын Буриад улс, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО-оос зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. 
Ёслолын ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Бид энэхүү түүхэн бүтээлээ Геннисийн номонд бүртгүүлснийхээ дараа Хэнтий аймгийнхаа нутагт 24 ханатай гэр барин байрлуулж, ирсэн зочдын нүдийг баясгаж эх түүхээрээ бахархан, омогших болно. Үүний тулд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Чингис брэнд” хөтөлбөртэй уялдуулан энэхүү бүтээлээ Хэнтий аймагтаа байрлуулах газрын асуудлыг шийдэж өгнө” гэдгээ мэдэгдсэн юм. 

Тус бүтээлийг урлахад нийт 1,994 мянган метр тэмээний утас орсон бөгөөд 21 аймгийн  халх, ойрад, буриад, урианхай, торгууд, үзэмчин зэрэг 24 үндэстэн, ястны 5000 гаруй үйлчин учиг шингээж, нийт ард түмний хандив тусламжаар жил гаруй хугацаанд урлаж дуусчээ.

Уг ёслолын ажиллагааны үеэр дэлхийд хосгүй энэхүү бүтээлийг урлахад дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлж, Хэнтий аймгийн ИТХ болон ЗДТГ-аас нийт 3 аймаг, 13 сум, 12 үйлчин бүсгүйг шагнаж урамшууллаа.

Тус бүтээлийг Гиннесийн номонд гурван төрлөөр бүртгүүлэх бэлтгэл ажил хангагдсан бөгөөд ирэх 7 дугаар сард “Дэлхийн хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад бүртгүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

Д.Одонтунгалаг

Related news