Он гарсаар 6 удаагийн объектын гал түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-15 21:07:18

Он гарсаар Дорнод аймгийн Хэрлэн сумын хэмжээнд 6 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, 21,3 сая төгрөгийн хохирол учирчээ. Харин гал унтраагчид 73 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.

Гэр, байшин, хашаа хоорондын зай хэмжээг 5 метрээс дотогшгүй байлгах тал дээр хяналт тавин ажиллаж байгаа аж.

Ахуйн хүрээнд гарсан гал түймэрт өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд болон гаднаасаа цоожлуулж гэртээ үлдсэн бага насны хүүхэд өртөж хохирох нь их байгааг Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дүн мэдээллээс харж болохоор байгаа юм. Нэн ялангуяа сар шинийн баярын өдрүүдэд түлээ нүүрс, тог цахилгааны хэрэглээ эрс нэмэгддэг учир пийшин, зуух яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, цахилгааны угсралт, түүнд хэт ачаалал үүсгэхгүй байх, шаардлага хангасан цахилгааны утас, цахилгаан хэрэгсэл ашиглахыг анхаарууллаа.

Б.Туяа

Related news