Орон сууцны үнэ захын дүүргүүдэд 10 хувиар буурсан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-02-03 18:21:16

Байр шинээр авах хүсэлтэй иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг”-өөр нийслэлд хэрэгжиж буй 80 гаруй орон сууцны төслийг танилцуулж байна.

Уг өдөрлөгийг Мишээл барилгын их дэлгүүр дэх  Орон сууцны биржээс зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 05-ныг дуустал үргэлжлэх юм. Өдөрлөг нь байр худалдан авагчид болон орон сууцны борлуулагчдыг холбох гүүр нь болж, уян хатан нөхцлөөр харилцан  тохиролцож, худалдаа хийх боломж олгодгоороо давуу талтай хэмээн Орон сууцны биржийн менежер Б.Наранмандах  онцлов.

Тэрбээр, “Орон сууц гэдэг насан туршийн эд хөрөнгө, амьдралын баталгаа учраас маш нарийн худалдан авалт юм. Иймд манайхаар үйлчлүүлэгчдэд сонголтоо хийхэд нь бүхий л талаар туслах зорилгоор улиралд нэг удаа энэ өдөрлөгийг зохион байгуулдаг. Байр худалдан авах хүсэлтэй иргэдийн 70 гаруй хувь нь урьдчилгаа мөнгө нь дутмаг, эсвэл банкны шаардлага хангаж чаддаггүй. Байрны үнэ ханшийн хувьд нийслэлийн захын дүүргүүдэд 10 орчим хувиар буурсан бол төв болон Хан-Уул дүүрэгт харьцангуй тогтмол байна” гэв.

Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцнуудын метр квадратын үнэ өндөр байгаа учраас залуу бүл худалдан авахад хүндрэл үүсч байна. Тиймээс төр засгийн зүгээс урьдчилгаа төлбөрийг 10 хувь багасгах чиглэлд анхаарах хэрэгтэй гэдгийг өдөрлөгийн үеэр иргэд хэлж байлаа.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news