Монгол, хятадын сэтгүүлчид "Жин Шы Ань" технологийн компанийн үйл ажиллагаатай танилцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Тунляо, 2025 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны "Жин Шы Ань" технологийн компани нь 2019 онд үүсгэн байгуулагджээ. Энэ нь Хятадын үндэсний нөхцөл байдалд нийцсэн хүнсний аюулгүй байдлын сайн хяналт удирдлагын загвар болон стандартыг бий болгож, технологи, стандарт, загвараар орон нутгийн өндөр чанартай шилдэг хүнсний материалуудыг хөгжүүлдэг байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотод ажиллаж буй монгол, хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан багийнхан "Жин Шы Ань" технологийн компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани хөдөө аж ахуйн дагалдах хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтаас хоолны ширээ хүртэлх бүх үйл явцад аюулгүй нийлүүлэх шинэ загварыг бий болгохыг зорьдог юм байна. ӨМӨЗО-ы Тунляо хотод "Хотын түвшний бүх төрлийн хүнсний аюулгүй байдлын хяналт удирдлагын төв"-ийг ажиллуулдаг ажээ.
"Жин Шы Ань" технологийн компани нь 2019 онд "Ард түмэнд аюулгүй хүнсийг хэрэглэх боломж олгох" зорилгын дагуу "Тунляо Жин Шы Ань" хоолны менежментийн үйлчилгээний ХХК-ийг үүсгэн байгуулжээ.
Тус компани нь худалдан авалтаас эхлээд үйлдвэрлэл, боловсруулалт, хүйтэн гинжин хэлхээний хуваарилалт хүртэлх бүх үе шатанд хүнсний аюулгүй байдалд хатуу хяналт тавьдаг аж.
Мөн тус компанийн бүтээгдэхүүнүүд супермаркет, хороолол, айл гэрт шууд нэвтэрч, улс даяар Тунляогийн загварыг хуулбарлан сурталчлах болжээ.