“Солонго” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨвөрмонголын Өдрийн сонины харьяа “Солонго” мэдээллийн төвөөс өнөөдөр Улаанбаатар хотноо “Солонго” сэдэвт хоёр орны хэвлэл мэдээллийнхнийг оролцуулсан уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
“Солонго” мэдээллийн төв нь Солонго сэтгүүл, Солонго сонин, Солонго сайт, Солонго гар утасны АПП, Микро блог, Вичат зэрэг мэдээллийн хэрэгслийг ажиллуулдаг. Үүнээс манай уншигчдын хамгийн сайн мэддэг мэдээллийн хэрэгсэл бол “Солонго” сэтгүүл юм. Тус сэтгүүл байгуулагдаад 23 жил болж буй. “Солонго” мэдээллийн төвөөс Монгол Улс дахь Төлөөлөгчийн газраа 2014 оны 9 дүгээр сард байгуулжээ. Уг төв байгуулагдсан цагаасаа эхлэн мэдээ сурвалжлага бэлтгэх, сургалт зохион байгуулах, сонин сэтгүүл хэвлэн түгээх зэрэг ажлыг гүйцэтгэж ирсэн.
“Солонго” мэдээллийн төв нь жил бүр энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээг өөрсдийн үйл ажиллагааг монголын уншигчдад таниулах, монгол уншигчдын хэрэгцээ шаардлага юу болох, нийтлэлийн бодлогоо хэрхэн уялдуулж болохыг харилцан ярилцах, нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглүүлжээ.
Өвөрмонголын “Солонго” мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү энэ үеэр “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд хоёр орны сэтгүүлч сурвалжлагчид нүүр тулж уулзах боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хэвлэл мэдээллийнхэн төр засгуудаас тавьж буй бодлого зорилтыг таниулах, хамтын ажиллагаа өргөжүүлэх, харилцан туршлагаасаа хуваалцах, ажил хэрэгч санаачилгуудыг хөхиүлэн дэмжих, иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн мэдээ мэдээллийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, Торгоны замын түмэн газрын аяллыг зохион байгуулах, цахим мэдээллийг хөгжүүлэх, шилдэг боловсон хүчнийг сургаж бэлтгэх зэрэг 5 багц чиглэлд хамтарч ажиллах зорилт дэвшүүлж байгаагаа хэллээ.
Мөн үеэр Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн ахлах судлаач Н.Ганчимэг "Монголын уншигчдын өнөөгийн чиг хандлага" сэдэвт илтгэлдээ сүүлийн жилүүдэд цахим сэтгүүл зүй түлхүү хөгжиж, хот хөдөөгийн иргэдийн дунд мэдээллийн тархалт ижил түвшинд очсон. Энэхүү хөгжлийг дагаад сонин сэтгүүлүүд дэргэдээ бие даасан сайт, фэйсбүүк, жиргээ хаягтай болж буйг тэмдэглэсэн юм. "Гэгээ" хятадын хэлний сургуулийн захирал Д.Болдбаатар, "Монгол Хятадын соёлын харилцаа" сэдэвт илтгэлдээ "Солонго" сэтгүүлийн хэл найруулгын түвшин эрс дээшилснийг тэмдэглэсэн бол МҮОНТ-ийн сэтгүүлч ГБадамсамбуу "Нэг бүс нэг зам" төсөл ба Монголын оролцоо", "Хархорин" хүрээлэнгийн ажилтан Б.Эрдэнэсанаа "Эдийн засгийн коридор" сэдэвт илтгэлдээ хил залгаа гурван орныг дамнасан томоохон дээрх төслүүдийн үр нөлөө, ач холбогдлоос онцлов.
Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын газрын зөвлөх Ли Вэй , Монгол дахь "Солонго" мэдээллийн төвийн захирал С.Хүрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал