Шаардлага хангахгүй болсон байрыг дахин төлөвлөж, ашиглалтад оруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАшиглалтын шаардлага хангахаа больж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулаад байсан Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах 25 дугаар байрыг дахин төлөвлөж, “Морьтон” цогцолбор байгуулав.
Тус байрыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 оны 7 дугаар сард гарсан. Өнгөрсөн оны 6 дугаар сард “Эфэс констракшн” энэхүү байрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан байна. Тус компаи 25 дугаар байранд амьдарч байсан 24 өрхөд тус бүр 10 м.кв талбай нэмж олгох, 16 айлд орон сууц, 8 айлд үйлчилгээний талбай олгохоор тохиролцож, барилга ашиглалтад орох хүртэл өөр газарт оршин суух түрээсийн зардлыг олгожээ. Улмаар тус байрлалд “Морьтон” цогцолбор сүндэрлүүлсэн байна. Өнөөдөр тус байрны оршин суугчид түлхүүрээ гардлаа.
НЗД С.Батболд ашиглалтын гаардлага хангахгүй болсон барилгыг дахин төлөвлөж, иргэдийг аюулгүй, тохилог орон сууцанд оруулж буй “Эфэс констракшн”-ы хамт олонд талархал илэрхийлээд, “НИТХ-аар баталсан Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах, хот байгуулалт, төлөвлөлтийн олон асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Энэ хүрээнд “Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцнуудыг шинэчлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлж, иргэдийг аюулгүй, тохилог орон сууцаар хангах хувийн хэвшлийн байгууллагуудыг хотын удирдлагууд бодлогоор дэмжин ажиллана” хэмээв.
Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон 170 барилга байгаагаас 30 нь Хан-Уул дүүрэгт байрладаг аж. Эдгээр барилгуудыг бүгдийг нь дахин төлөвлөж, шинэ орон сууц сүндэрлүүлнэ гэдгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл онцлоод, “Хуучны барилгууд дээр дахин төлөвлөлт хийх аж ахуйн нэгжүүдийг удахгүй тодруулна. Гол нь иргэн, аж ахуйн нэгж хоёр харилцан ашигтай тохиролцох хэрэгтэй” гэлээ.
Ч.Ариунболд