СЭЛЭНГЭ: 300 жилийн түүхтэй Бүргэдэй хайрхан уулыг тахилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг
сумын Нутгийн зөвлөл, сумын ЗДТГ хамтран Бүргэдэй хайрхан уулаа 3 дахь жилдээ тахилаа.
Бүргэдэй хайрхан уулыг одоогоос
300-гаад жилийн тэртээ 1727-1920-иод оны эхэн үе хүртэл 200 орчим жил
нутгийн халх, буриад зон олон тал талаасаа нийлж, ар өвөргүй тахин шүтэж байжээ.
Эртний уламжлалт энэхүү зан үйл 100
гаруй жил тасалдаж байсныг сэргээхийн тулд нутгийн уугуул, суугуул иргэд хүсэлтээ
илгээснийг Алтанбулаг сумын 1 дүгээр багийн иргэн, Ахмад хилчин, хошууч В.Ганболд
2022 онд сумын ИТХ-д уламжилснаар их хайрхнаа
тахих үйл сэргэжээ.
Хайрхныг тахих ёслолд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Жүд дацангийн дорж ловон, Аграмба А.Баасанням, “Хутагт асанга төв”-ийн умзад Гэвш Т.Мөнхбаяр, Ганданданжааллин хийдийн гэсгүй А.Пүрэвням, Пандэлин хийдийн лову лам Н.Батжаргал мөн Пандэлин хийдийн лам Б.Болд тэргүүтэй лам хуврагууд шашин номын зан үйл үйлдэж, ном айлдвараа айлтгасан байна.