Улсын хэмжээнд 1541 спорт заал үйл ажиллагаа явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-18 15:13:05

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого-2024-ын тайланг Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд өнөөдөр таницууллаа.


Хоёр дахь удаагаа зохион байгуулсан энэхүү үзлэг тооллогын үр дүнд нийгмийн хөгжил, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн салбарын бодлого, хөтөлбөрийг боловсруулах, цаашдын төлөвлөлтийг хийхэд чухал ач холбогдолтой аж. Тооллогыг гурван сарын хугацаанд зохион байгуулахдаа спорт заал, спортын гадаа талбай, спортын клуб гэсэн үндсэн гурван бүлэгт ангилан зохион байгуулжээ. Нэгдсэн дүнгээр манай улсад 1541 спорт заал үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ нь 2017 оны анхдугаар тооллогоос 556-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүний 842 нь орон нутагт, 699 нь Улаанбаатар хотод тоологджээ. Өнөөдрийн байдлаар 921 заал нь засвар үйлчилгээ хийсэн бол үлдсэн нь огт хийгээгүй байна.


Үүнээс гадна улсын хэмжээнд сүүлийн нэг жилийн хугацаанд 7145 спортын холбоо болон клуб үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Үүний 3272 нь нийслэлд, 981 нь баруун бүсийн аймгуудад, 1131 нь хангайн бүсэд, 1213 нь төв, 548 нь зүүн бүсэд болжээ. Энэ удаагийн үзлэг тооллогод спортын клубуудыг анх удаа хамруулснаараа онцлогтой. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 864 спортын клуб үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо гарчээ. Үүнээс 490 нь Улаанбаатарт, 374 нь орон нутагт байна. Спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клубүүдээс хамгийн өндөр орлоготой нь сагсан бөмбөгийнх аж.


Тооллогод хамрагдсан биеийн тамир, спортын клубыг үйл ажиллагааны чиглэлээр нь харахад 454 нь идэвхтэй дасгал хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, 154 нь сургалт, дасгалжуулалт явуулдаг байна. Харин 256 нь дээрх хоёр чиглэлээр хоёулангаар нь үйл ажиллагаа эрхэлдэг ажээ. 





Related news