Өвлийн олимпод оролцох Монголын тамирчид Испанийн брэндийг сонгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Италийн Милан, Кортина хотод 127 хоногийн дараа нээлтээ хийх өвлийн Олимпод Монголын баг тамирчид Испанийн “Келмe” брэндийн спортын хувцсыг өмсөхөөр болжээ.
Тодруулбал, “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох баг тамирчдыг Испанийн “Келме” брэндийн спортын хувцсаар ивээн тэтгэх гэрээг үзэглэжээ. Уг ёслолд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, БТСУХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Э.Билэгт, “Грийн Амиго” компанийн ерөнхий захирал Н.Амартүвшин нар тэргүүтэй албаныхан оролцсон байна.
2026 оны хоёрдугаар сарын 6-22-нд болох өвлийн спортын XXV наадамд манай улсаас одоогийн байдлаар гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчин эрхээ аваад байгаа юм. Тэгвэл “Келме” брэндийг 1963 онд Испанид байгуулж, өдгөө дэлхийн 50 гаруй оронд салбартай болжээ. Харин манай улсад 2022 оноос хойш “Грийн Амиго” компани албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн аж.
Ташрамд дурдахад, “Канвон 2024” Залуучуудын өвлийн олимп болон “Харбин 2025” Азийн өвлийн наадамд оролцсон Монголын баг тамирчид “Келме”-г өмссөн билээ.