“Лос-Анжелес 2028” Олимпод бэлтгэхэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрт 12 тамирчныг хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-03 13:11:03

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Лос Анжелес 2028” Олимпын наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлэх болон Олимпод бэлтгэхэд зориулан тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ.


Улмаар Монголын үндэсний олимпын хорооноос спорт холбоодоос нэр дэвшүүлсэн тамирчдын амжилтыг ОУОХ-нд илгээж, улмаар ОУОХ нь тухайн Олон улсын спорт холбоодтой хамтран судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гарган тамирчин, спортын холбоо болон МҮОХ гэсэн гурвалсан гэрээ байгуулав. Тодруулбал, манай улсаас энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт спортын найман төрлийн 12 тамирчин тэнцэж, хамрагдахаар болсон байна. Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар тамирчид болон спорт холбоодын төлөөллийг Олимпик хаус”-т хүлээж авч уулзжээ. Энэ удаагийн тэтгэлэгт чөлөөт бөхийн Н.Батбилгүүн, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Даваанасан, жүдогийн Л.Энхрийлэн, О.Анхзаяа, боксын Б.Мишээлт, О.Есүгэн, буудлагын О.Есүгэн, байт харвааны Б.Урантунгалаг, таеквондогийн Г.Энхбаяр, дугуйн С.Жамбалжамц, хүндийг өргөлтийн Г.Ануужин нар багтсан байна.


Олимпын тэтгэлэг нь 2025 оны есдүгээр сарын 1-нээс эхлэх бөгөөд тамирчин олимпын эрхээ авсан тохиолдолд МҮОХ-ноос баталгаажуулснаар 2028 оны наймдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд үргэлжлэх боломжтой аж. Тамирчинд олгох сарын тэтгэлэг ОУОХ-ны гэрээний дагуу 750 ам.доллар байх бөгөөд дөрвөн сар тутамд 3000 ам.долларын санхүүжилт авна.


Ташрамд дурдахад, “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт 8 спортын төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд есөн тамирчин олимпын эрх авч, хөтөлбөрийг 60 хувийн амжилттай дүүргэсэн юм. 



Related news