БАЯН-ӨЛГИЙ: Х.Муратай: Зээлийн хүү өндөр тул орон нутагт бизнес хөл дээрээ босож чаддаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-08 20:02:38

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн бизнесийн салбарын тулгамдсан асуудлуудын талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тус аймаг дахь Cалбар танхимын дарга Х.Муратайтай ярилцлаа.


-МҮХАҮТ-ын Баян-Өлгий аймаг дахь салбар одоо хэдэн гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна?

-Тус байгууллага нь 1995 онд баталсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 56 гишүүнтэй. Салбар танхим нь 50-иас доошгүй гишүүнтэйгээр ажиллах ёстой. Хэд хэдэн үндсэн үүрэгтэй. Тухайлбал, Монгол Улсын экспортод гаргах бараанд гарал үүслийн гэрчилгээ олгодог. Мөн импортоор орж ирж буй бараанд ямар нэгэн дутагдал гарсан, тоо хэмжээ нь зөрсөн тохиолдолд танхим экспертээр ажилладаг. Түүнээс гадна бизнес эрхлэгчид болон төр засгийн хооронд гүүр болдог.  

 

-Орон нутгийн бизнес эрхлэгчдэд тулгамдсан ямар асуудлууд байна?

-Бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудал улс даяар нийтлэг байгаа. Харин бизнесийн орчны судалгаагаар улсад дундаж түвшинд байна. Бизнесийн салбарт нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг бол хууль эрх зүйн орчин байдаг. Манайд хууль эрх зүйн орчин хараахан сайн бүрдээгүй. Жишээлбэл, баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Увс аймаг нийслэлээс хамгийн их алслагдсан.

Тухайн аймгууд нь уулархаг нутагтай тул газар тариалангийн нөөц газар гэж бараг байхгүй. Социализмын үед Баруунтурууны сангийн аж ахуйг түшиглэж Увс аймагт гурилын үйлдвэр байгуулж байсан ч 1990 оноос хойш нурсан. Одоо гурилыг нийслэлээс татан авч хэрэглэж байгаа тул тээврийн зардал нэмэгдэж байна. Манай аймгийн хувьд урд нь гурилыг Цагааннуурын дамжлага баазаар дамжуулан Оросоос оруулж ирж байсан. Харин Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчийн эрх ашгийг бодож импортын гурилд өндөр татвар ногдуулж хориглосон нь өрөөсгөл шийдвэр юм. Бизнесийн хуулиар бол тэнд илүүдэлтэй байгаа гурилыг ойр байгаа Хятадын зах зээл рүү гаргаад, энд байгаа иргэд хямд гурил оруулж ирж хэрэглэх ёстой. Хэрвээ ОХУ-аас гурил оруулж ирвэл бид 1 шуудай гурилыг 60-70 мянган төгрөгөөр авч идэх боломжтой юм. Харамсалтай нь одоо иргэд Улаанбаатар хотоос 100 мянган төгрөгөөр гурил худалдан авч хэрэглэж байна. Энэ бол тооцоо судалгаа багатай шийдвэрийн үр дүн юм.      

 

-Өөр ямар бэрхшээл байна?

-Банкны зээлийн хүү өндөр, сарын 1.8-2 хувьтай байгаа нь маш том бэрхшээл болж байнгаа. Ийм өндөр хүүтэй зээл авч, бизнес эрхлэх нь маш хэцүү. Зарим бизнес эрхлэгч банк бус санхүүгийн байгууллагуудаас өндөр хүүтэй зээл авдаг. Зээлийн хүү өндөр тул орон нутагт бизнес хөл дээрээ босож чаддаггүй. Дараагийн нэг асуудал бол зах зээл юм. Аливаа барааг үйлдвэрлэж болно. Гэхдээ түүнийг хаана зарах вэ гэдэг нь бас том асуудал.

Манай урд, хойд талд 2 том зах зээл байгаа ч орон нутгийн үйлдвэрлэл тэдний түвшинд хүрч хөгжиж чадахгүй байна. Зээлийн хүү нь өндөр, жижигхэн зах зээлтэй аймагт үйлдвэрлэл хөл дээрээ босох босох боломж бараг байхгүй. Түүнээс гадна ажиллах хүч хомсодсоор байна. Хэдэн жилийн өмнө орон нутагт ажлын байр байхгүй гэдэг байсан бол одоо ажиллах хүч, мэргэжлийн боловсон хүчин олдохоо байсан. Барилгын компаниуд тогтвор суурьшилтай ажиллах хүнгүй боллоо. Яагаад гэвэл одоо хамгийн сайн сурлагатай, мэдлэг боловсролтой залуучууд гадагшаа явж байгаа. Тэдний дараагийнх нь Улаанбаатарт үлдчихдэг, Өмнөговь аймаг руу явчихдаг гэх зэргээр хаана өндөр цалин байна, тийшээгээ явдаг болсон. Ингээд л бизнес хөгжих боломж нь улам хумигдаж байгаа юм. Бизнес эрхлэх татварын таатай орчин бүрдүүлэх нь төрийн бас нэг том үүрэг. Татварын орчин таатай байна уу гэвэл, бас л үгүй. Гэхдээ удахгүй Татварын хуулиа хэлэлцэх гээд байх шиг байна. Төр огт хөдлөхгүй байгаа биш, удаан байна. Төрөөс хувийн хэвшил нь түрүүлж яваад байгаа.

 

-Бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн тулд төр засаг, орон нутгийн удирдлага ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Хамгийн гол нь орон нутгийн бодлого, шийдвэр тогтвортой байх хэрэгтэй. Манай улсад сонгуультай холбоотойгоор аливаа бодлого 4 жил тутамд өөрчлөгдөөд байгаа шүү дээ. Энэ асуудал орон нутагт бүр эмзэг байгаа. Төр засгийн бодлого, шийдвэрийн тогтворгүй байдал нь бизнест маш их нөлөөлнө. Түүнээс гадна орон нутгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих хэрэгтэй. Тендер зарлахад орон нутгийн компаниудыг бодлогоор дэмжиж өгөх шаардлагатай.

 

-Баян-Өлгий аймагт бизнесийн ямар төрлийг хөгжүүлэх боломжтой гэж харж байна?

-Бизнесийн салбарыг сайн дэмжвэл Баян-Өлгий аймаг улсын төсвөөс дэмжлэг авалгүйгээр төсвөө өөрөө бүрдүүлэх боломжтой гэсэн судалгааны дүн байдаг. Хэдэн жилийн өмнө манай аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бизнесийн орчны судалгаа хийсэн.

Тус судалгаагаар нэгдүгээрт, хөрш хоёр улстай зэрэг хиллэдэг тул экспорт, импортыг нэмэгдүүлэх боломж байна. Хоёрдугаарт, нутгийн иргэдийн өвөрмөц соёл, үзэсгэлэнтэй байгалийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ одоо манай аймагт аялал жуулчлалын салбар сайн хөгжөөд жуулчид ихээр ирээд байна уу гэвэл, үгүй гэж хэлнэ.

Жуулчид өнөөдөр манай аймгийн сайнтай, муутай юмыг үзээд, зүгээр л сонирхоод л явж байгаа. Цаашдаа бид стандартын дагуу чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүй бол жуулчдын тоо цөөрнө. Дээрх судалгаагаар манай аймагт махны үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой юм байна гэж үзсэн.

Учир нь газар зүйн байршлын хувьд Баян-Өлгий аймгийн эргэн тойронд халал махны хэрэглэгчид олон байгаа. Тухайлбал, урагшаагаа БНХАУ-ын ШУӨЗО, мөн Дундад Азийн Казахстан, Узбекистан, Киргиз, цаашлаад Иран, Ирак гээд халал махны хэрэглэгчид байна. Түүнээс гадна махыг халал аргаар бэлтгэдэг хүмүүс нь манайд байгаа. Бусад аймагт махны 1-2 л үйлдвэр байхад манай аймагт 7 үйлдвэр ажиллаж байна. Одоо ч Дорнодоос наашаа адуу авч ирж, Баян-Өлгийд нядлаад Казахстан руу гаргаж байна шүү дээ. Өчигдөрхөн махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Азат" ХХК хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгч боллоо.

Тийм учраас манай аймагт дээрх гурван салбар хөгжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

 

-Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.   

Related news