Д.Мөнхтулга: "Сансрын 7 хоног"-ийг 42 мянган хүүхэд зорьж ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-11 17:31:58

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дэлхийн 100 гаруй оронд өргөн дэлгэрсэн “Сансрын 7 хоног”-ийг манай улс хоёр дахь жилдээ 10 дугаар сарын 4-10-нд зохион байгууллаа.


“Зайсан хилл” цогцолборт болсон эл үйл явдал долоо хоногийн турш хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд дууссаны дараа сунгах хүсэлт ч маш ихээр иржээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг эх орондоо албан ёсоор зохион байгуулагч Д.Мөнхтулгатай ярилцлаа.

-“Сансрын 7 хоног” амжилттай болж өндөрлөлөө. Долоо хоногийн турш болсон үйл явдлаа хэрхэн дүгнэж байна вэ?

-“Дэлхийн сансрын 7 хоног” үйл ажиллагааг бид албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Жил бүрийн аравдугаар сарын 4-10-ны хооронд дэлхийн 100 гаруй орон сансрын шинжлэх ухаанаар дамжуулан олон нийтэд шинжлэх ухааныг энгийн хэлбэрээр таниулах, хүүхдүүдийг инженерийн мэргэжилд дурлуулах зорилгоор зохион явуулдаг. Энэ бол НҮБ-ын албан ёсны төлөвлөгөөт ажлын нэг хэсэг болдгоороо онцлогтой. Долоо хоногийн турш өргөн цар хүрээг хамардаг.


Тэмдэглэлт өдрийг угтан жил бүр уриа дэвшүүлдэг. 2020 онд “Хиймэл дагуул бидний амьдралд”, 2021 онд “Эмэгтэйчүүд сансарт”, 2022 онд “Тогтвортой байдал сансарт” гэсэн уриан дор болж байлаа. Харин энэ жил “Сансар ба бизнес эрхлэлт” сэдвийн хүрээнд болж өндөрлөсөн. Уриалга нь ийм боловч үндсэн агуулга сансар судлалаар дамжуулан шинжлэх ухааныг хүүхэд, багачуудад таниулах зорилготой юм. Энэ жилийн үйл ажиллагаанд 42 мянга орчим хүүхэд “Зайсан хилл”-ийг зорьж ирлээ. Харин “Юнител”-ийн дэмжлэгтэйгээр 11 аймагт зохион байгуулсан “Сансрын 7 хоног”-т 6000 орчим хүүхэд оролцжээ. Нэгтгээд үзвэл 48 мянган хүүхэд өөрийн биеэр янз бүрийн туршилт хийж, сансрын нисгэгч болох анхны шалгалт өгсөн байна. Энэ жилийн “Сансрын 7 хоног”-ийн гол онцлог нь хичнээн хиймэл дагуул байгаа юм, сансрын технологи гэж юу вэ, дэлхийн улс орнууд яагаад сар руу явдаг вэ гэх мэт зүйлийг таниулах контентыг нэлээд бэлдлээ. Тэр хэрээр хүүхдүүд маш их анхаарч, сонирхсон. Үүнээс гадна Space network event-ийг анх удаа зохион байгуулсан. Үүнд ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эварист Куасси-Комлан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Унгараас бага оврын хиймэл дагуулын инженер Тибор зэрэг нэр хүндтэй эрхмүүд оролцож, олон нийттэй санал солилцон туршлага солилцсон. Өнгөрсөн жилийг бодвол нэлээд өргөн цар хүрээнд “Сансрын 7 хоног” маань болж өнгөрлөө.


-Хүүхдүүдийн хамгийн их сонирхож байгаа зүйл нь юу байв?

-Хүүхэд ямар ч зүйлийг өөрийн биеэр туршиж үзэхийг ихээр сонирхдог. Жишээ нь, хогны гялгар уутаар шүхэр хийлгээд хөөргөдөг төхөөрөмжийг хүүхдүүд ихээр сонирхлоо. 4000 гаруй шүхэр хөөргөснөөс үзэхэд хүүхдүүдэд сонирхолтой байсан нь дамжиггүй. Үйл ажиллагааны үеэр хийсэн бүх туршилт нэг талаараа тоглоом, цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа мэт боловч хүүхдүүд өөрийн мэдэлгүй шинжлэх ухааны нэг хэсэг болж байгаа юм. “Шинжлэх ухаан гайхшрахаас эхэлдэг” гэж Аристотль хэлсэн байдаг. Энэ үг биеллээ олсон долоо хоног байсан юмуу даа. Эндээс нэг дүгнэлт хийж болно. Хэдэн мянгаараа, анги хамт олноороо, найз нөхдөөрөө “Сансрын 7 хоног”-ийг зорьж байгаа хүүхдүүдийг хараад нэг л зүйлийн тухай бодсон. Хүүхдүүд шинжлэх ухаанд дуртай, шинжлэх ухаанч байхыг хүсдэг. Гэвч манайд орчин алга. Шинжлэх ухааны төрөлжсөн музей, хүүхэд хөгжүүлэх төв алга. Хэрвээ орчин нөхцөл бүрдвэл монгол хүүхдүүд багаасаа л шинжлэх ухаанд дурлахаар байна. Угаасаа дуртай ч юм байна. Харамсалтай нь, дуртай зүйлээ хийх, үзэж, харах орчин байхгүй. Тиймээс  шинжлэх ухааныг хөгжүүлэх төв хүртээмжтэй байх ёстой. Яг өнөөдрийн хувьд цорын ганц шинжлэх ухааны музей нь манай “Дүдү”. Энэ хангалтгүй л дээ. Илүү том музей, төв хэрэгтэй байна. Инженер суурьтай, шинжлэх ухаанд суурилсан ирээдүйг хүмүүжүүлж, төлөвшүүлье гэвэл багаас нь бэлдэх хэрэгтэй. Багаас нь бэлдэхийн тулд орчныг бий болгох ёстой. Хүүхдүүд багаасаа байгалийн шинжлэх ухаанд дургүй байгаа шалтгаан нь ерөөсөө л орчин, бодитоор харах практик ертөнц алга. Үүнийг нь бэлдээд өгвөл Монгол орны өнцөг булан бүрд чадварлаг багш олноороо байна. Шинжлэх ухааныг хөгжүүлэх хүсэл сонирхолтой 10 байгууллага нэгдээд шинжлэх ухааны багш нарын нэгдэл байгуулсан. Энэ нэгдлээр дамжуулж бид туршлагаа хуваалцана. Удахгүй шинжлэх ухааны 300 гаруй багшийг цуглуулж практик сургалт явуулж, туршлага солилцохоор төлөвлөж байна.

-Хүндрэл юу байв?

-Зориулалтын бус газар хийж буй нь өөрөө хүндрэл юм. Бид “Сансрын 7 хоног” зориулж асар их хэрэглэгдэхүүн бэлддэг. Түүнийгээ нийтийн эзэмшлийн талбайд л байрлуулж таарч байгаа юм. Хэдийгээр “Зайсан хилл” бидэнтэй хамтарсан ч үйл ажиллагаа дууссаны дараа хийсэн бүхнээ буулгаж таарна. Их хэмжээний зардал гаргасан хэрэглэгдэхүүнээ буцаад буулгана гэдэг хэцүү санагдсан. Зарим нь эвдэрнэ. Бүрэн бүтэн үлдсэнийг нь ирэх жилийн үйл ажиллагаа хүртэл хаана хадгалах вэ гэдгээс эхлээд бэрхшээл бий. Хэрвээ зориулалтын байр савтай бол ийм хүндрэл гарахгүй. Бусдаар гайгүй шүү.

-400 гаруй сайн дурын ажилтан бүртгүүлсэн гэл үү?

-Тийм ээ. Анх зар тавиад удалгүй бүртгүүлсэн сайн дурын ажилтны тоо 400 давсан. Тиймээс ганцхан өдөр явуулаад бүртгэлээ зогсоолоо. Ингээд шалгаруулалт явуулаад 100-г сонгож авсан. Өглөөнөөс орой болтол завсарлагагүй үйл явдалтай, ачаалал ихтэй байсан учраас сайн дурын ажилтнууд маань өдөрт 30-аараа хуваагдаж ажиллалаа. Хэдийгээр ачаалал ихтэй байсан ч гэлээ сайн дурын ажилтнууд минь жаргалтай байгаагаа хэлсэн. Энэ дашрамд, бидний үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэгч, дэмжигчээр оролцсон албан байгууллагууддаа баярлалаа. Дэмжигчид маань маш уриалгахан хүлээж авсан шүү гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

-Үйл ажиллагаа дууссаны дараа сунгах хүсэлт ихээр ирж байх шиг. Сунгах боломжтой юу?

-Боломжгүй. Хүмүүс “сунгаад өгөөч” гээд загнах хандлага хүртэл гарлаа.  “Сансрын 7 хоног”-ийн товлосон хугацаа нь өөрөө учир утгатай. Зүгээр нэг өдрийг сонгоогүй. 1957 онд аравдугаар сарын 4-нд хүн төрөлхтний гараар бүтээсэн биет бүтээл “Спутник 1” анхны хиймэл дагуул сансарт хөөрсөн. Харин 1967 оны аравдугаар сарын 10-ны “Сансар огторгуйг энхийн зориулалтаар ашиглана” гэсэн тунхаг бичигт НҮБ-ын гишүүн орнууд гарын үсэг зурсан түүхэн өдөр юм. Тиймээс энэхүү хоёр түүхэн өдрийг сонгож 1999 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаар дэлхий нийтээрээ тэмдэглэхээр тогтсон. Энэ жил 24 дэх удаагаа дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Эерэг талаас нь харвал шинжлэх ухааны музей, төв манай улсад байнгын ажиллагаатай байх ёстой, ямар их эрэлт хэрэгцээ байна вэ гэдгээ мэдэж болно.

-Ирэх жилийн “Сансрын 7 хоног”-ийг одооноос төлөвлөж эхэлсэн биз?

-Нэлээд том орон зай хэрэгтэй. Одооноос түүнийгээ хайна, судална. Энэ жил орон зай бага учраас зарим төлөвлөсөн зүйлээ хийж чадаагүй. Мэдээж илүү өргөн хүрээнд, далайцтай хийнэ. 

Related news