ТЭЦ-5 станц 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-03 14:31:45

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүрэгт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина.


Төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчээр "Митайм Интернэшнл" ХХК шалгарч, хуулийн мэргэжлийн фирмтэй хамтран гэрээ байгуулах, гэрээний хэлцэл хийжээ.


ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар эрчим хүчний үнийг тогтвортой болгохын сацуу дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, ажлын байрыг нэмэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмэр оруулах юм. Мөн Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, III, IV хороолол, I хорооллыг дулаанаар хангахаас гадна эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, цахилгаан түгээх, дамжуулах байгууламжийг шинэчлэх, эрчим хүчний хангамжийг найдвартай болгох, цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг нэмнэ. Орчин үеийн ухаалаг эрчим хүчний технологийг нэвтрүүлснээр энэ салбарт технологийн шинэчлэлийг хурдасгах, цэвэр эрчим хүчний хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм. 


Нийслэлд хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж байна. Дулааны цахилгаан станцууд 1549 МВт хүчин чадалтай хэдий ч оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээ 1636 МВт-д хүрдэг. Энэ нь цахилгаан үйлдвэрлэх нийт хүчин чадлаас 315 МВт-аар хэтэрч, улмаар өндөр үнээр импортын эрчим хүч нийлүүлж байгаа билээ.

Related news