“Jupiter 3” хиймэл дагуулыг хөөргөх ажиллагааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-07-27 15:20:48

НЬЮ-ЙОРК. /AP/. Америкийн “SpaceX” компани 9.2 тонн жинтэй, харилцаа холбооны хамгийн том хиймэл дагуулыг хөөргөх ажиллагааг хойшлуулснаа твиттер хуудсаараа мэдээлжээ.


“Jupiter 3” хэмээх уг хиймэл дагуулыг “Falcon Heavy” пуужингаар пүрэв гаргийн орой Канаверал хошуун дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвийн “LC-39A” талбайгаас хөөргөх байсан боловч хөөргөхөөс нэг минутийн өмнө хойшлуулжээ. Хойшлуулах болсон шалтгааныг мэдээлээгүй байна. 


Геостационар тойрог замд оруулах энэхүү хиймэл дагуул нь АНУ, Канад, Мексик, Өмнөд Америкийн хэрэглэгчдийг өндөр хурдны интернэт үйлчилгээгээр хангах бөгөөд интернэт дамжуулах дээд хурд нь секундэд 500 гигабит ажээ. Хиймэл дагуулыг 445 сая ам.долларын өртгөөр бүтээжээ.

Related news