ДОРНОД: Их талын сувд Буйр нуур

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-06-20 11:46:44

Чойбалсан /МОНЦАМЭ/. Зуны дэлгэр цаг, аялал зугаалгын улирал ирлээ. Энэ зун хаашаа аялахаа хараахан төлөвлөж амжаагүй бол эх орны зүүн цэг Мэнэнгийн тал, Буйр нуур хүртэл аялах маршрутыг танилцуулж байна. Улсын нийслэлээс Буйр нуур хүртэлх хоёр төрлийн маршрут бий.


1. Урдуураа буюу Сүхбаатар аймгаар явбал нийслэлээс Сүхбаатар аймаг хүртэл хатуу хучилттай замаар зорчиж, тэндээсээ 200 км эвдрэл багатай, тал хээрийн зөөлөн шороон замаар явна. Засмал замаас нуурын эрэг хүртэл 15 км шороон зам туулаад Буйр нуурт хүрдэг. 


2. Нийслэлээс Хэнтий аймгийн төв Өндөрхаан хот, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоор дамжин Буйр нуурыг зорих боломжтой. Буйр нуур хүрэх замд Багахүрээгийн заставт бичиг баримтаа шалгуулан нэвтэрнэ. Хилийн заставын алба хаагчаас замаа сайтар асууж тодруулаад аяллаа үргэлжлүүлээрэй.


Нуурын эрэгт үнэ тарифаас хамаараад амралтын газруудаас сонгож болно. Гэхдээ жилээс жилд Буйр нуурыг зорих дотоодын жуулчдын тоо нэмэгдэж байгаа учир урьдчилан захиалгаа өгөх нь Таны аялалд тооцоолоогүй зардал, хүндрэл гарахаас сэргийлнэ.


Хамгийн боловсон тохитой амралт бол "Buir Lake". Тухайлбал, энд долоон ам бүлтэй айл гурав хоноход 700.000, таван ам бүлтэй айл 500.000, дөрвөн ам бүлтэй нь 400.000 төгрөг төлж, өрөөн дотроо шүршүүр, ариун цэврийн өрөөтэй, нуур руу харсан том цонх, хөргөгч, плитка, том унтлагын ор, амт чанартай хоолоор үйлчлүүлэн амарч болно. 


Хэрвээ нялх хүүхэдтэй, настай хүмүүстэй яваа бол амралтын газарт тухлахыг илүүд үзээрэй. Залуучууд олноороо, найз нөхдөөрөө Буйрт ирсэн бол салхи бороогүй үед майхан барьж болно. Өдөржин нуурын усанд өнжөөд, өөрсдөө хоол ундаа бэлдээд дээрх буудлын зардлыг 80-90 хувь хэмнэх ч боломжтой. Мөн гэр амралтуудаас сонгоорой. 




Чойбалсангаас гараад зам дагуу цайны газар ч битгий хэл зам асуух айл ч таарахгүй. Мэнэнгийн талаар 200 км орчим давхиж байж ганцхан гэр гуанз таарах учраас зам зуураа идэж уух зүйлээ базаахад гэмгүй. 

Related news