Иргэд хоёр талд шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэврээ тогтоолгох боломжтой болоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-13 18:28:45
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн сайд Мариан Юречкатай 5 дугаар сарын 12-ны өдөр уулзалт хийлээ.


Сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт үр дүнтэй өргөжин тэлж байгааг тэмдэглэж, үүнд иргэд хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов. Мөн Монгол, Чехийн Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулагдаж, хүчин төгөлдөр болсонд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.


Эдүгээ Чех улсад 12000 гаруй монгол иргэн оршин сууж, ажиллаж амьдарч байгаа бөгөөд Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд хоёр талд шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэврээ тогтоолгох боломжтой болоод байна.


Шадар сайд М.Юречка хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг ашиглахын төлөө байгааг тэмдэглэж, ирэх намар Улаанбаатар хотноо болох Монгол, Чехийн ЗГХК-ын ээлжит хуралдаанд өөрийн төлөөлөгчдийг тэргүүлэн оролцохоор төлөвлөж байгаагаа дурдав.


Монголын тал Чех улсын аялагчдыг визээс чөлөөлсөнтэй холбогдуулан талууд улс орноо аялал жуулчлал, кино, соёл урлаг зэрэг арга хэмжээгээр дамжуулан сурталчлахын ач холбогдлыг онцлов.

Related news