Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, эзэмшил, байршилд улсын тооллого хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт хийхээр боллоо.
Энэ үеэр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах ажлын санал боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулжээ. Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахална. Манай улсад өнөөдрийн байдлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмалын ашиглалтын 1768, хайгуулын 973, нийт 2741 тусгай зөвшөөрөл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна.
Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг
үр ашигтай ашиглах талаар төрийн оновчтой бодлогыг тодорхойлж, баялгийн
менежментийг сайжруулан
эрчимжүүлэхийн тулд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтод хяналт үнэлгээ
хийж, тусгай зөвшөөрлүүдийн эзэмшил болон байршилд улсын нэгдсэн тооллого
зохион байгуулах шаардлага үүссэн аж.