“Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-27 16:42:29

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нэйшнл трейдинг энд транспорт” ХХК-тай байгуулсан “Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцалж, гэрээний хүрээнд концесс эзэмшигчид шилжүүлсэн газар эзэмших эрх, бусад дагалдах өмч, хөрөнгийг төрийн өмчид зохих журмын дагуу шилжүүлэн авахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас даалгалаа.


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай “Нэйшнл трейдинг энд транспорт групп” ХХК-ийн 2015 оны дөрөвдүгээр сард байгуулсан концессын гэрээнд “Концесс эзэмшигч нь төслийн барилга угсралтын ажлыг баталсан зураг төсөл, хуваарийн дагуу гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2.5 жилд багтаан гүйцэтгэнэ” гэж заасан. Төслийн санхүүжилтийн гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулаагүй, санхүүжилтийн эхний ээлжийн 12 сая ам.долларыг гэрээ байгуулсан өдрөөс хойш зургаан сарын дотор Монгол Улсын аль нэг арилжааны банк дахь өөрийн дансанд байршуулж, төслийн зориулалтын дагуу зарцуулаагүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй, барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлүүдийг аваагүй зэргээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрэн хангагдаагүй нь цуцлах үндэслэл болжээ.


Товч мэдээ

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Related news