Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт 88 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-22 14:48:33

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад урьдчилан тааварлашгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авахаар боллоо. 


Компакт гэрээгээр Монгол Улсад эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.доллар хүртэлх санхүүжилт, нийт 461.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар таван жилийн хугацаанд хэрэгжүүлж буй. Тус гэрээ ирэх оны гуравдугаар сард хэрэгжиж дуусах бөгөөд нийт хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны наймдугаар сарын байдлаар 88.7 хувьтай байна. 


Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад 2023, 2024 онд үерийн улмаас гарсан нэмэлт зардал, мөн Монгол Улсад анх удаа гүйцэтгэж буй гол доогуурх хөндлөн сүвлэгээний хөрсний нөхцөл байдлаас хамаарч өрөмдлөгийн гүн нэмэгдэн, өрөмдлөгийн цооног, худгийн хэмжээ томорсноос зураг төсөвт өөрчлөлт орж, ажлын тоо хэмжээ нэмэгдсэн зэрэгтэй холбоотой Монгол Улсын Засгийн газраас оруулах хувь хэмжээний хуваарилалтад өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. 

 

Related news