Австрали Улсад ажиллах болон амрах виз мэдүүлэхдээ ГХЯ-наас захидал авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали Улсын ажиллах болон амрах виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагыг тавих болжээ.
Тус ангиллын визийн хүсэлтийг энэ оны долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хүлээн авах тухай Австралийн талаас мэдэгдсэн тул захидал авах хүсэлтэй иргэн ирэх сарын 19-ний өдрөөс эхлэн холбогдох материалаа бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу “pdf” өргөтгөлтэй файлаар илгээх аж. Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор тухайн иргэний бүртгүүлсэн цахим шуудангаар илгээх бөгөөд дараах материалыг бүрдүүлнэ.
-Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;
-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
-Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
-Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт зэрэг болно.
Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох ба уг захидал нь Австрали Улсын ажиллах болон амрах визийн баталгаа биш, зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/ холбоосоор нэвтэрч авах боломжтой.