ГОВЬ-АЛТАЙ: Г.Олонбаатар: Монгол бөхөнгийн тархац нутгийн 70-80 хувь нь Говь-Алтай аймагт хамаарагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-02-02 13:26:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт нутагладаг ховор, нэн ховор амьтдын хоол тэжээл, тэдгээрийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатартай ярилцлаа. 


-Нэн ховор, ховор амьтад тэр тусмаа бөхөн, хар сүүлтийн идээшилт нутгаар биотехникийн ажлыг зохион байгуулаад ирлээ. Өвөлжилтийн нөхцөл байдал хэр байна вэ?

-Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Бөхөн хамгаалах сүлжээ баг, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар хамтарсан баг гарч бөхөн, хар сүүлтийн нутагт биотехникийн ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, Халиун сумын Олонбулаг баг, Төгрөг сумын Хүрэн гол, Шарга сумын эргэн тойрон, Дарви сумын хоолой, Хөхморьт, Баян-Уул сумын Хүйсийн говийн 25 цэгт 250 боодол өвсийг тараан байршууллаа. Үүний сацуу зарим тодорхой цэгүүдэд камер байршуулан хорогдлыг бууруулах ажлыг гүйцэтгэлээ.

Оны эхэн үеэр цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн. Өвөлжилтийн нөхцөл байдал харьцангүй сайн байна. Оны эхэнд аймгийн баруун хойд, хойд сумдын нутагт цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэж хүйтэрсэнтэй холбогдуулан биотехникийн ажлыг зохион байгуулсан гэж хэлж болно. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад цаг агаарын цочир хүйтрэл, дулаарал, цасан шуурга гэх мэт цаг агаарын гэнэтийн үзэгдэл тохиолдож байгаа ч өвөлжилт төдийлөн хүндэрсэн гэж үзэхгүй байгаа. 


-Энэ өвлийн тухайд нэн ховор, ховор амьтдын хоол тэжээл хэр байна. Хорогдол гарсан уу?

-Биотехникийн ажлыг зохион байгуулахад Шарга, Хүйсийн говьд бөхөн хорогдох магадлалтай байна. Энэ нь жам ёсны залуу бага, хөгшин бодьгалиас хорогдсон нөхцөл байдал ажиглагдлаа. Тодруулбал, 5-6 тооны бодгаль хорогдсон. Энэ байгалийн жам ёсны хорогдол юм. 


-Нэг бодгальд хэчнээн тооны ан амьтан тооцогддог вэ, мэргэжлийн хүний хувьд энгийнээр тайлбарлабал?

-Жил бүрийн 12 болон нэгдүгээр сар монгол бөхөн, хар сүүлтийн үржлийн үе тохиодог. Тухайн сүрэг бодгальд 10-20, 40-50-иар сүрэглэн амьдардаг. Бид идээшилт нутгийн ойр орчимд хяналтын камер байршуулан нөхцөл байдал, хорогдлыг тооцоолон ажигладаг. 


-Жил бүр нэн ховор, ховор амьтдад зориулж өвс нөөцөлдөг. Өнөө жилийн тухайд хэдий хэмжээний өвс нөөцөлсөн бэ?

-Бид намар аймгийн хойд бүсийн сумдад зориулж 500 боодол өвсний нөөц бүрдүүлсэн. Үүнээс 50 хувийг дээрх сумдын тодорхой цэгт байршуулаад байна. Одоогоор цаг уурын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна. Иймээс нөхцөл байдлыг ажиглаж байгаад дараагийн биотехникийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ер нь биотехникийн ажил бол нэн ховор, ховор амьтдын амьдрах орчныг тэтгэх, хорогдлыг бууруулах зорилготой үйл ажиллагаа юм. 


-Монгол бөхөн, хар сүүлтийн тоо толгой хэд хүрэв, та бүхэн тооллого судалгаа гаргадаг байх. Яг хаагуур тархан нутагладаг юм бол?

-Мал, амьтны шүлхий өвчинтэй холбоотойгоор 2022 онд оны эхэн болон сүүлд хоёр удаа монгол бөхөн, хар сүүлтийн тооллогыг зохион байгуулсан. Тооллого судалгаагаар 13 мянга орчим монгол бөхөн, 4-5 мянга орчим хар сүүлт тухайн бүс нутагт байна гэж үнэлэгдсэн. Монгол бөхөнгийн тархац нутгийн 70-80 хувь нь Говь-Алтай аймагт хамаарагддаг. Хамгийн хойд чиглэл нь Дөргөний хойд тал, Завхан аймгийн Хомын тал, Увс аймгийн Наранбулаг, Завхан сумд тархацтай ба хамгийн урд талын тархац нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Халиуны хоолой юм. 


-Говь-Алтай  аймгийн урд бүсийн сумдад мөн адил нэн ховор, ховор амьтад амьдардаг. Тус бүс нутгаар өвөлжилт хэр байна? 

-Урд бүсийн сумд говийн болон уулархаг бүсэд хамаарагддаг. Үүнтэй холбоотойгоор ихэвчлэн уулын туруутан болох янгир ямаа, аргаль хонь амьдардаг ба говь хоолойн хэсгээр хар сүүлт, зээр идээшлэн нутагладаг. Өвөлжилтийн тухайд уулархаг хэсгээрээ цас багатай, энгэр ээвэр газраар идэш тэжээл харьцангуй сайн байна. 


-Тус бүс нутагт биотехникийн ажлыг зохион байгуулах уу?

-Аймгийн урд бүсийн сумдад мөн адил биотехникийн арга хэмжээ зохион байгуулна. Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөлтэй хамтран 500 боодол өвсийг аймгийн төвд төвлөрүүлээд Эрдэнэ, Чандмань, Цогт, Бигэр, Тайшир сум болон Халиун сумын Хантайширын нуруунд шилжүүлэн нутагшуулж байгаа бугын сүрэгт биотехникийн ажлыг зохион байгуулахаар бэлтгэсэн. Нөхцөл байдалтай уялдуулан дээрх сум бүрд хуваарьт өвсийг хүргүүлсэн. Гэхдээ өвөлжилтийн нөхцөл байдал харьцангуй тайван байгаа учир одоогоор биотехникийн ажлыг зохион байгуулаагүй.


-Ер нь Байгаль орчин, аялал жуулчлалын газраас жилд хэдэн удаа нэн ховор, ховор амьтдад зориулж биотехникийн ажлыг өрнүүлдэг вэ?

-Тухайн нөхцөл байдалтай уялдуулан олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран жилд дундаар цаг агаар хүндэрсэн тохиолдолд 1000-2000 боодол өвсийг нөөцөлдөг. Ер нь биотехникийн ажлыг оны эхэн ба оны сүүлд мөн хавар гуравдугаар сард зохион байгуулдаг. Мөн хавар, зуны улиралд мазаалай баавгайд тэжээл байршуулах ажлыг өрнүүлдэг. 



Related news