Зүүн Азийн олимпын зөвлөл цахимаар хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2023-01-11 08:47:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам ирэх наймдугаар сарын 16-23-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.


Тус наадамд Зүүн Азийн бүс нутгийн есөн Үндэсний олимпын хорооны өсвөрийн залуу тамирчид спортын 12 төрлөөр хурд, хүчээ сорин өрсөлдөх юм. Зүүн Азийн олимпын зөвлөлийн 39 дэх удаагийн хурлыг цахимаар зохион байгуулав.

Хуралд Зүүн Азийн олимпын хорооны дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуан, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг тэргүүтэй албаныхан цахим хуралд оролцлоо.

"Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо" ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр наадмын бэлтгэл ажил буюу тэмцээний барилга байгууламж, нийтийн тээвэр, зочид буудал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, наадмын уриа, бэлгэдэл, маркетингийн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг гишүүдэд өгсөн юм. Энэ үеэр Зүүн Азийн олимпын зөвлөлийн гишүүд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажил сайн үргэлжилж байгааг онцолж байв.

Зүүн Азийн Үндэсний олимпын хорооны бүрэлдэхүүнд Монгол, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Хонконг, Макао, Тайвань, Япон болон Гуамын Үндэсний олимпын хороод багтдаг юм.



Related news