БУЛГАН: Хөдөлмөр эрхлэлтийн түвшин өмнөх оныхоос 9,8 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-01-02 16:18:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хөдөлмөр эрхлэлтийн түвшин өнгөрсөн онд өмнөх жилийнхээсээ өссөн дүн гарсан байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар ажиллах хүч буюу хөдөлмөрийн насны 27,6 мянган иргэний хөдөлмөр эрхлэлтийн түвшин 62.7 хувьтай байгаа нь өмнөх оныхоос 9,8 хувиар өссөн байна гэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар мэдээлэв. Тус газрын хэлтсийн дарга Г.Нямдорж:

- Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгч 104 иргэнд шаардлагатай тоног төхөөрөмж авах, ажлын байраа өргөтгөхөд нь зориулж 749.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, дэмжлэгт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг улс бүсийн үзэсгэлэн худалдаа, яармагт сурталчлан оролцуулснаар өрхийн орлого 100.0-200.0 мянган төгрөгөөр нэмэгдэж, 26 шинэ ажлын байр бий болгосон. Малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд 40 өрхөд 200.0 сая төгрөгийн 2071 толгой малаар малжуулан өрхийн орлогыг нэмэгдүүлж, 84 байнгын ажлын байрыг дэмжлээ гэж ярилаа. Өнгөрсөн онд нийт 1300 шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөснөөс давхардсан тоогоор 880 ажлын байрны захиалга авч 1250 шинэ ажлын байранд иргэдийг зуучилжээ. Үүнээс байнгын 275, улирлын 220, түр 755 ажлын байранд иргэд ажиллаж байна.  

Харин ажилгүйдлийн түвшин өмнөх онд 7.2 хувь байсан бол энэ онд 8.0 хувь болж өссөн байна. 

Related news