ОРХОН: Төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэсэн зургаан баг шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-29 16:15:15
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын 25 багт 'Багийн хөгжлийг дэмжих" дэд хөтөлбөр зургаа дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ онд тус хөтөлбөрийн хүрээнд олон ажил санаачлан хэрэгжүүлж, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх үүргээ амжилттай биелүүлсэн Цагаанчулуут, Хүрэнбулаг, Дулаан-Уул, Говил, Рашаант, Баянцагаан багууд шилдгээр шалгарлаа.

Хүрэнбулаг баг энэ онд цахим баг болгох зорилт тавин ажиллажээ. Багийн иргэдийн 90 орчим хувийг сошиал сүлжээнд групп болгон нэгтгэж мэдээлэл түгээхээс гадна хэсгийн ахлагч нарын цаасан дэврийг цахимжуулсан байна. Мөн багийн ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тэднийг чадавхжуулахад ихээхэн анхаарч ажиллажээ.

Харин Цагаанчуулуут багт инженерийн  шугам сүлжээ татах, шинээр ЦТП барих, хөршийн холбоодын ахлагчдыг багийн ажилд татан оролцуулах, “Иргэний танхим” байгуулах зэрэг ажил хийсэн байна. Мөн хогоо эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг эхлүүлжээ.

Жаргалант сумын Дулаан-Уул баг  малчдад тулгамддаг асуудлыг шийдвэрлэхээр шинээр хоёр худаг барьсан байна.

Хог хаягдлын менежментийг сайжруулах, хогоо эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажил Рашаант багт туршилтаар хэрэгжсэн байна.  Мөн тус багт энэ онд шинээр гэрэлтүүлэг, камер суурилуулах ажил хийжээ.

Говил багт шинэ багийн байр ашиглалтад орж иргэдэд  төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх боломж нээгдсэн байна. Мөн хөршийн холбоодын 50 ахлагчийг сургалтад хамруулжээ. Баянцагаан багт шинээр камержуулалт, гэрэлтүүлэг хийж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн байна.

 

Related news