ЗАСГИЙН ГАЗАР: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг албан тушаалаас нь огцрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-09-27 13:30:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг үүрэгт ажлаас нь огцрууллаа. 


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Иргэдийг бухимдуулсандаа Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Монголын нийт ард түмнээс хүлцэл өчье. Д.Сарангэрэл Засгийн газрын гишүүний хувьд Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн учир Ерөнхий сайд түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах тушаал гаргасан” хэмээн мэдээлэв.


Дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ХНХ-ын сайдын ажлыг хариуцан ажиллах юм байна.


Тэрбээр "Аливаа төрийн албан тушаалтнууд хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлооход анхаарч, хариуцлагатай хандахыг энэ үйлдэл харуулж байна. Д.Сарангэрэлийн хувьд хүний эрхийн зөрчилтэй, ёс зүйн асуудал гаргаснаа ухамсарлаж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг албан ёсоор хэлье" гэсэн юм. 


Д.Сарангэрэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр салбарынхаа хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийхдээ иргэдийг ялгаварлан гадуурхсан агуулгатай үг хэлж, тэр нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн юм.

Related news