АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй гурван талт уулзалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-09-15 08:06:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны Самарканд хотод ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх хуралдаанд оролцох Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийнэ.


Гурван талт уулзалтын үеэр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл, төв коридороо шинэчлэх хүрээнд Зүнбаян-Хангийн төмөр замыг БНХАУ-ын төмөр замын нэгдсэн сүлжээнд холбох, аялал жуулчлал болон гурван улсын хоорондын хурдны замын талаар ярилцах юм.


Монгол Улс 2012 оноос ОХУ, БНХАУ-тай 3 талаар эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит коридор байгуулах саналыг дипломат шугамаар илэрхийлж ирсний үр дүнд 3 улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулж, Монгол, ОХУ, БНХАУ-ын 3 талт хамтын ажиллагаа шинэ шатанд гарав.


Төрийн тэргүүн нарын анхдугаар уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2014 оны 9 дүгээр сард Душанбе хотноо ШХАБ-ын дээд хэмжээний 14 дүгээр хуралдааны үеэр зохион байгуулав. Уулзалтыг “Улаанбаатарын уулзалт” гэж нэрийдсэн нь анхлан Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байсантай холбоотой. Төрийн тэргүүн нарын уулзалтыг бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол зохион байгуулахаар болж, мөн Гадаад харилцааны дэд сайд нарын зөвлөлдөх механизм бий болгох шаардлагатай талаар Төрийн тэргүүн нар санал нэгджээ.


Энэ уулзалтын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин (2014 оны 8 дугаар сард), ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин (2014 оны 9 дүгээр сард) Монгол Улсад айлчилж, Монгол-Хятад, Монгол-Оросын харилцааны түвшнийг ахиулав. Хоёр дахь уулзалт ОХУ-ын Уфа хотноо 2015 оны 7 дугаар сард ШХАБ-ын дээд хэмжээний 15 дугаар хуралдааны үеэр болж, Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай санамж бичигт талууд гарын үсэг зурсан. Тус хөтөлбөрийг Узбекистан Улсын Ташкент хотноо 2016 оны 6 дугаар сарын 23-24-нд зохиогдсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын 3 дахь удаагийн уулзалтаар гарын үсэг зуран баталгаажуулав. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд 3 тал анх удаа байгалийн хийн хоолойн төслийн талаар баримт бичигт тусгажээ. Төрийн тэргүүн нарын 4 дэх уулзалт 2018 оны 6 дугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо, 5 дугаар уулзалт 2019 оны 7 дугаар сард Киргизстан Улсын Бишкек хотноо тус тус болов.


Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй коронавирусний цар тахлаас өмнө, 2019 онд хамгийн сүүлд биечлэн уулзаж байсан бол энэ өдөр албан ёсны уулзалтыг мөн хийхээр төлөвлөөд байна.  


Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Новак, Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песков, БНХАУ-ын талаас ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Нарийн бичгийн даргын газрын гишүүн, ХКН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Дин Шюэшян, ХКН-ын Төв хорооны УЛс төрийн товчооны гишүүн, Намын гадаад харилцааны төв зөвлөлийн Ажлын албаны дарга Яан Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нарын төрийн өндөр дээд албаны хүмүүс оролцоно.


Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдрийн үдээс өмнө ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Чжан Минтэй уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжабана бараалхах юм. 

Related news